Эрх баригчдын ашиг сонирхлын зөрчлөөс болж, хотын дарга С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол ажлыг нь үргэлжлүүлэхээр сонгогдсон С.Мөнхчулуун ч бүлэглэлүүдийн зодоонд балбуулсаар. Ядаж байхад төрсөн дүү нь хоёр жилийн өмнө “Castle" баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг өдүүлсэн нь ахыг нь дэвслэх сөрөг PR болж хувирч байна.
Уг нь хотын даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог байсан бол МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг, НИТХ-аас С.Мөнхчулууныг хотын даргад нэр дэвшүүлж чадахгүй, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр ч эрх мэдлийн төлөө зодолдож чадахгүй байлаа. Даанч Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг даргыг харьяа НИТХ нь хуралдаж, сонгон Ерөнхий сайд батламжилна" гэж заасан нь төлөвшөөгүй улстөрчдийн хувьд нийслэлийн 1.4 сая иргэний эрх ашиг юу ч биш болж хувиргах нь тэр.
Улаанбаатар хот Засаг даргагүй болсноос хойш хоёр сар өнгөрлөө. Нэг сар гаруйн хугацааг хотын даргын сунгаа явуулсаар барсан бол 10 шахам хоногийг НИТХ-аас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд руу хүргэх гэсээр барав. Энэ хооронд буюу үндсэндээ хоёр сар Улаанбаатар хот эзэнгүй байлаа. Хүн амынх нь 40 гаруй хувь амьдардаг нийслэлийг ингэж эзэнгүйдүүлж болох уу.
Сонгуульд өрсөлдөх болохоороо Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулна, "Аз жаргалтай Улаанбаатар хотыг цогцлооно" гэх. Итгэл хүлээлгээд, ажлаа хий гэхээр бүлэг, фракцаараа талцаад хотын даргаа ч томилж чадахгүй ажлыг нь гацааж, иргэдээ хохироож байна.
Ганц л жишээ татъя, С.Батболд даргыг огцруулснаас хойш хотын хэмжээнд хийгдсэн ажил юу вэ. Лав л хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам талбайд барилга, хашаа барьсан газруудыг чөлөөлж авч буй ажил лав хийгдсэнгүй. НИТХ болоод харьяа агентлагуудаас гаргаж байгаа шийдвэрүүд биелэгдэх боломжтой эсэх, Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчиж байгаа эсэхэд ч хяналт тавих боломж алга.
Тухайлбал, Нийслэлийн Тээврийн газраас саяхан таксины үйлчилгээний үнийг нэмчихлээ. Хот нь даргагүй байхад гаргасан эл шийдвэр чоно борооноор гэгч болов уу гэж олон нийт хардаж байна. Хардах үндэслэл ч бий. Яагаад гэвэл шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр буулгах шийдвэр гарч, нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг буулгасан. Зүй тогтлоороо бол нефтийн үнэ буухад таксины үнэ буудаггүй юм гэхэд ядаж нэмэгдэх ёсгүй. Гэтэл такси эхний нэг км тутамд үйлчилгээний хөлсөө 1500 төгрөг, хоёр км тутмаас 1000 төгрөгөөр тооцож, үйлчлэх боллоо. Эл шийдвэр ирэх хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжинэ. Шийдвэр бодитой юу. Үүнд хэн хяналт тавьж байна вэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар судалгаа хийж үзэж байна уу. Хэрэв шийдвэр буруу, иргэнийг хохироохоор бол хотын дарга хүчингүй болгох ёстой. Одоо харин хэн хүчингүй болгох вэ?. Энэ мэтчлэн хотын даргыг хүлээсэн олон ажил эзэнгүйдсээр.
Нийслэлийн иргэд хотын даргаа шууд сонгох, чөлөөлөх эрхтэй байсан бол наанадаж газар олголт замбараагүй олгогдохгүй, шахааны хүмүүс сургууль, эмнэлгүүдийг удирдахгүй л байсан даа. Улаанбаатар хотын 1.4 сая иргэнийг төлөөлөл болж 600 мянган иргэн хотын даргаа сонгох, МАН-ын Удирдах зөвлөлийн 24, НИТХ-ын 46 төлөөлөгч хотын даргыг сонгох гэдэг бол газар тэнгэр шиг зөрүүтэй тоо.
Үнэндээ бол Ардчилсан нийгмийг хүн бүрийн оролцоо, хамтын эрх ашиг, хариуцлагын тогтолцоогоор л авч явдаг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ