Конгрессын Төлөөлөгчдийн танхим Мягмар гаригийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Умард Атлантын буюу НАТО-гийн бүрэлдэхүүнээс тус улсыг гаргахыг хориглосон хуулийн төслийг олонхийн саналаар баталжээ. Уг төслийг батлахыг 357 гишүүн дэмжсэн бол 22 гишүүн эсэргүүцсэн бөгөөд санал хураалтын дүнг Конгрессын цахим хуудаст нийтэлжээ.
Дээрх хуулийн төслийг санаачлагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Панеттын мэдэгдэлд “НАТО-г дэмжих тухай хуулийн төсөлд АНУ-ыг тус эвслээс гаргах Ерөнхийлөгчийн аливаа оролдлогыг цуцлах, ийм алхам хийхэд төсвийн хөрөнгө мөнгө ашиглахыг хориглох тухай заасан” гэж онцлон тэмдэглэсэн байна. Уг баримт бичгийг Ардчилсан намын гишүүд болох Том Малиновски, Сет Мултон, Эбигайл Спэнбергер, Крисси Хулахан, мөн бүгд найрамдахчууд болох Дон Бэкон, Уилл Хёрд, Фред Аптон, Адам Кинзингер, Майк Гэллахер нар хамтран боловсруулжээ.
Өнгөрсөн онд Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргах хүсэлтэй байгаагаа тойруу утгаар хэд хэдэн удаа мэдэгдсэн байна. Тэрбээр “АНУ-ын хувьд “намаг балчиг” болсон НАТО-гийн бүрэлдэхүүнд байх утга учрыг олж харахгүй байна” гэжээ. “Politico”-д мэдээлснээр, Трамп НАТО-гийн холбоотнууд цэргийн зардлаа аль болох хурдан нэмэхгүй бол “хүндхэн үр дагавар” дагуулна гэж тус эвслийн гишүүн орнуудын удирдагчид, мөн Украин болон Гүржийн Ерөнхийлөгч нарын оролцсон уулзалтын үеэр анхааруулсан байна.
Эх сурвалж: The Defence news
Холбоотой мэдээ