Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар томилох саналыг  та буцаасан. Ямар шалтгаанаар буцаасан юм бэ?

-Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаад оронд нь шинэ Элчин сайд оруулахаар ярьж байна. Дээр нь хугацаа нь дуусаад, шинээр томилох ёстой Элчин сайд нарын асуудал байгаа. Гадаад харилцааны яам энэ бүх Элчин сайд нарын асуудлыг нэгтгэж оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид шинэ Элчин сайд нарын нэрийг оруулж ирнэ.

Тэдний  оронд ямар ямар хүмүүсийг томилохоор ярьж байгаа вэ?

-Шинэ хүмүүс оруулж ирэх учраас одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй байна. Явах орон, явах хүмүүсийн хувиар солигдох магадлалтай. Ямар ч байсан яамныхаа төвшинд саналаа боловсруулчихсан байгаа.

-Өнгөрсөн оны сүүлээр хэчнээн Элчин сайдын хугацаа нь дууссан бэ?

-10 гаруй Элчин сайдын асуудал яригдана.

-Манайхтай харилцаа сайтай орнуудад Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь сөрөг үр дагавар дагуулах юм биш үү?

-Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайд нь томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад төрийн ажил тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар нь одоо ч ажиллаж байгаа. Буцааж эргүүлэн татаагүй байгаа.

-Элчин сайдуудын томилгоог албан тушаалын шагнал мэтээр ойлгох болсон. Уг шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Тайланд, Австралид Ерөнхий сайдын зөвлөх байсан ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүс томилогдохоор оруулж ирж байсан. Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болсон. Ажлаа хийх ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадвар хүмүүсийн шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ.

-Манай улс ШХАБ-д элсэх эсэх асуудал юу болсон бэ. Өнгөрсөн хавар нэлээд яригдсан?

-Уг асуудлыг судлаачид судалж байна. Олон нийтээр ил тод хэлэлцүүлж  дараа нь УИХ-аар орсны дараа шийдэгдэнэ.

-Та салбарын сайдын хувьд ШХБА-д элсэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Түүнээс биш зүрх сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд юу чухал байна түүнд суурилж шийдвэр гаргана. Хэн нэгэн хүн уг асуудалтай холбогдолтой материалаа гүйцэт уншаагүй эсвэл ШХАБ-тай холбоотой нэг  ч  бодит баримтыг уншилгүйгээр санал бодлоо илэрхийлж байгаа нь өөр хэрэг. Эрдэмтэд асуудлаа судалж өнөөгийн олон улсын харилцааны өрнөл, хөгжил аюулгүй байдлын нөхцөл байдал  хэрхэн өөрчлөгдөж байна зэрэг энэ бүхэнд тулгуурлан хамтдаа шийдвэр  гаргавал зөв шийдвэр гарна.

-Манай улс Беларус  улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа юм уу?

-Улаанбаатар хотод аль болох олон элчин сайдын яамд байгуулагдах ёстой. Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч эндээ бодит төлөөлөлттэй байна гэдэг нь манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд энэ бүхэн зангидаж байдаг. Манайд Элчин сайдын яамаа нээж бид харилцан элчин сайдын яамаа нээхгүй гэж байхад Элчин сайдын  яамаа хаах тухай асуудал яригдаж байсан. Улаанбаатар хотод нээгдсэн нэг ч Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурийг би хувьдаа баримталдаг. Намайг сайдаар томилогдоход УИХ дээр хамгийн их асуусан асуулт болох ОХУ-ын санкц  транзит тээвэрт хүндрэл учруулж ялангуяа Монголын бизнес эрхлэгчдэд үүсч байгаа асуудлыг шийдвэрлэхэд  Беларус улсад төлөөлөлгүйгээр шийдэх маш хэцүү. Ялангуяа Европтой хийдэг худалдааны чөлөөт байдлын эрх ашгийн асуудал хөндөгддөг. Хэрэв тухайн газар дипломат төлөөлөгчийн газрыг нь нээвэл эргээд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөд хэрэг болох чухал  ажил юм.

-Өнөөдөр Ша Алам хотод Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэргийн шүүх хурал болж байна. Уг асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Манай холбогдох консулын газраас байнга анхаарал тавьж ирсэн. Түүний аав С.Шаарийбууг би хүлээн авч уулзсан. Ш.Алтантуяагийн асуудалд анхаарлаа хандуулж дэмжин ажилладаг. Бангкок дахь манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч очиж шүүх хуралд  оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Малайзын талд мэдрүүлэхүйц Монгол Улс маш тааламжгүй хандаж байгаа гэдгээ бид мэдүүлэх бүх арга хэмжээг дипломат хэлбэрээр авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж