Дэлхийн шилдэг хаалгачид

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг хаалгачид

Дэлхийн шилдэг хаалгачид

Цэнхэр гарагийн хөлбөмбөгийн ногоон талбайд өөрийн өмсч байсан өмсгөлийн дугаараараа хөгжөөн дэмжигчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн тоглогчид олон бий. Энэ удаа XXI зуунд алдар нэрээ дуурсгаж ар нуруун дээрх #1 дугаараараа мөнхөрсөн шилдэг хаалгачдыг нэрлэж байна.


  • №1 Оливер Кан

Хоёр мянганыг дамнан хөлбөмбөгийн ертөнцөд алдар нэрээ дуурсгасан №1 дугаартай хаалгач бол Германы О.Кан юм. Хуучнаар Баруун Германы Карлсруэ хотын унаган хүү О.Кан хөлбөмбөгийн замналаа төрөлх хотынхоо Карлсруэ клубээс эхлүүлж 1994 онд 25 насандаа алдарт Бавари Мюнхен клуб руу ирсэн байдаг. Германы төдийгүй дэлхийн шилдэг клубтэй нэгдсэн нь О.Каны хожмын их амжилтынх нь эхлэл байсан юм.  О.Кан Бавари Мюнхен клубын төлөө 14 улирал тоглохдоо бүх тэмцээнийг оролцуулаад 632 тоглолтонд оролцсон. Мөн энэ хугацаандаа клубын хамтаар аваргуудын лигт нэг, Европа цомд нэг, Тоёота кап буюу хуучнаар Европ болон Өмнөд Америкийн цомын аваргуудын тоглолтонд хоёр удаа түрүүлсэн бол дотоодын лигтээ найм, цомын АШТ-нд зургаан, Германы супер цомд дөрвөн удаа түрүүлсэн. Үүнээс гадна тэр Германы шигшээ багт 12 жил тоглохдоо 86 тоглолтонд оролцож ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Европын АШТ-ээс алт, Конфедерэшн кап тэмцээний хүрэл медалийг хүртэж байсан. ДАШТ-ий түүхэнд шилдэг тоглогчоор шалгарсан цорын ганц хаалгач бол О.Кан юм. Тэрээр 2002 оны ДАШТ-ий шилдэг тоглогчоор шалгарч мөн тухайн үедээ Баллон д’Ор шагналд хоёр удаа III байр, дэлхийн шилдэгт нэг удаа дэд байранд шалгарч байжээ. Үүнээс гадна Европын шилдэг хаалгачаар дөрвөн удаа, ФИФА-н түүх, статистикийн хорооны тодруулдаг дэлхийн шилдгээр гурвантаа шалгарсан байдаг. О.Кан бол З.Майераас хойш Герман болон Бавари Мюнхен клубээс төрөн гарсан хамгийн шилдэг хаалгач юм.

  • №1 Жианлуижи Буффон

2012 онд ФИФА-н түүх, статистикийн хорооноос сүүлийн 25 жилийн хугацаанд тодорсон шилдэг хаалгачийг тодруулсан байдаг. Энэхүү санал асуулгыг Италийн шигшээ багийн хаалгач Ж.Буффон 226 саналаар тэргүүлсэн нь зүгээр ч нэг тохиолдлынх биш болов уу. Шинэ мянганд өөрийн алдар нэрээ цуурайтуулсан цуут хаалгач бол Итали эрхэм Ж.Буффон мөнөөсөө мөн. Өдгөө 40 настай Итали эр 1995 онд мэргэжлийн карьераа Парма клубээс эхлүүлж 2001 онд Ювентус клубтэй нэгдсэнээр дэлхийн шилдгийн нэг болох гараагаа эхлүүлсэн. Тэр өнгөрсөн зун Францын ПСЖ клубыг зорих хүртлээ Ювентус клубын төлөө нийтдээ 656 тоглолтонд оролцсон нь тус клубын бүх цаг үеийн түүхэнд II орох амжилт юм. Ж.Буффон клубээ шийтгүүлж доод лиг рүү унахад ч хоёргүй сэтгэлээр тоглосон. Түүнд Европын аваргуудын лигийн цом байхгүй ч Европын шилдэг хаалгачаар нэрлэгдэх нь зүй ёсных юм. Ювентус клубээс гадна Италийн шигшээ багт 21 жил тоглохдоо 2002 оны дэлхийн аваргаас хойш 2016 оны Европын аварга хүртэл шигшээ багийнхаа үндсэн хаалгачаар тоглож, сүүлийн найман жил нь шигшээ багаа ахлан тоглосон байдаг. Хөлбөмбөгийн замналдаа 20-иод жил №1 гэсэн өмсгөлийг өмсөн тоглохдоо ДАШТ-ээс нэг алт, Европын АШТ-ээс нэг мөнгө, Конфедерэшн кап тэмцэнээс нэг хүрэл медаль хүртсэн бол клубын хамтаар (Парма, Ювентус) лигтээ есөн, цомд таван, супер цомд таван удаа түрүүлж, Европа цомд нэг удаа түрүүлсэн байдаг. Өдгөө Ж.Буффон 40 нас хүрсэн ч Францын аварга ПСЖ клубын төлөө №1 өмсгөлтэй тоглож байна.

  • №1 Икер Касильяс

Испани улсын хөлбөмбөгийн “алтан үе”-н ахлагч бол И.Касильяс юм. Тэр Испанийн хөлбөмбөгийн түүхэнд мөнхийн азгүйтлыг арилгаж алтан дагиныг эх орондоо авчирсан гавъяатай. И.Касильяс ба түүний нөхдийн бүрдүүлсэн Испани улсын шигшээ баг 2008-2012 оны хооронд Европ болон дэлхийд ялагдашгүй байсан. Түүнд дэлхийн аваргын алтан дагина нэг, Европын АШТ-ий цом хоёр, Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн дэлдэн чихт цом гурав, ФИФА-н клубуудын ДАШТ-ний цом нэг, Европын супер цом нэг, Испанийн лигийн аваргын цом тав, цомын АШТ-ий цом хоёр, Испаний супер цом дөрөв бий гээд бодоход түүнд багийн хамтаар авч үзээгүй цом бараг л байхгүй. Бараг гэж хэлсний учир нь конфедрэшн кап тэмцээнд 2013 онд Бразилд хожигдон мөнгөн медаль хүртсэн бол Европа цомд тоглож үзээгүй байдаг. Түүний Реал Мадрид дахь хөлбөмбөгийн замналд Ж.Моуриньо саад хийж Порто клуб рүү явсан ч И.Касильяс өнөөдрийг хүртэл Реал Мадрид болон Испанийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн шилдэг №1 өмсгөлт хаалгач байсаар байх нь дамжиггүй юм.

  • №1 Петр Чех

Даруухан амжилттай Чех улсын шигшээ багийн хаалгач П.Чехийг энд онцолж байгаад гайхах хүн байж болох юм. Гэвч улсынхаа шигшээ багийн түүхэнд хамгийн шилдэг тоглогч төдийгүй клубын төвшинд ч шилдгээр нэрлэгдэх учиртай хаалгач бол П.Чех. Шилдэг хаалгач П.Чех Чехийн шигшээ багтаа бүтэн 10-ны турш №1 өмсгөлийг эзэмшин Европын АШТ-нд 2004 онд хүрэл медалийг хүртсэн. Мөн тэрээр Английн Челси клубын түүхэнд үлдсэн алтан үеийн төлөөлөгчдийн нэг юм. Челси клуб 100 гаруй жилийнхээ түүхэнд Европын дэвжээг анх удаагаа 2012 онд эзэгнэсэн бөгөөд энэ багт П.Чех, Д.Дрогба, Ф.Лампард, Ж.Терри, Э.Коул нарын залуус тоглож байсан. Чехийн шигшээ багийн түүхэнд хамгийн олон тоглолтонд оролцож нэрээ мөнхөлсөн П.Чех өдгөө Английн Арсенал клубт ч №1 өмсгөлийг эзэмшин тоглож байна. 20 дахь жилдээ мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа үргэлжлүүлж буй П.Чехийн шагналын цуглуулгад Европын АШТ-ий хүрэл медаль нэг, Английн премьер лигийн цом дөрөв, Английн цомын АШТ-ий цом тав, Английн супер цом дөрөв, Европын аваргуудын лигийн цом нэг, Европа лигийн цом нэг бий.

  • №1 Мануэл Нойер

Германы шигшээ баг З.Майер, О.Кан, Е.Леманн зэрэг олон шилдэг хаалгачид тодрон гарсан. Тэгвэл шинэ мянганд Герман улсаас тодрон гарч байгаа хаалгач бол Бавари Мюнхен клуб болон Германы шигшээ багийн №1 хаалгач М.Нойер юм. Өдгөө 32 настай М.Нойер Шальке-04 клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж, 2011 онд Бавари Мюнхен клубт нэгдснээр алдрын оргилд хүрэх замаа нээж байсан. Магадгүй түүний замнал дахь хамгийн хар үе бол өнгөрсөн зуны ДАШТ байж болох юм. Бэртлийн улмаас бүтэн улирал талбайд гараагүй М.Нойер ДАШТ-д очсон ч тун хангалтгүй тоглосон. Гэхдээ түүнээс өмнөх амжилтыг нь сөхөж үзвэл 2014 онд Германы шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргын алтан медалийг хүртэж, Европын АШТ-д хоёр удаа хүрэл медаль, клубын хамтаар Европын аваргуудын лигт нэг удаа, Европын супер цомд нэг, ФИФА-н клубуудын ДАШТ-д нэг удаа түрүүлсэн бол Германы лигт зургаа, цомд гурав, супер цомд мөн гурав удаа түрүүлсэн. Энэ бол түүний зөвхөн багийн хамтаар хүртсэн цомууд. Харин хувиараа ФИФА-н түүх, статистикийн хорооны нэрлэсэн шилдгээр дөрвөн удаа, ФИФА-н нэрлэсэн бэлэгдлийн шигшээ багт дөрвөн удаа нэрлэгдээд байна. Түүнд амжилтаа ахиулах замнал өшөө бий.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж