Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. Гэвч жуулчид Монголын үйлчилгээний салбарыг голдог нь нууц биш. Стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж, халуун, хүйтэн уснаас эхлээд олон зүйл жуулчдад үгүйлэгддэг. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбар алхам алхмаар хөгжиж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн жуулчны баазууд ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдвэрлэсэн бол Хөвсгөл аймгийн жуулчны баазууд хог хаягдлын асуудлаа шийдвэрлэжээ. Мөн зарим жуулчны баазууд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд дэргэдээ хүлэмжтэй, мал аж ахуйтай болсон байна.
Гэхдээ аялал жуулчлалын ачааг нуруун дээрээ үүрдэг жуулчны баазууд бүгд стандартын ариун цэврийн байгууламж, халуун, хүйтэн устай, нэг ирсэн жуулчин дахин ирэхээр сэтгэгдэл төрүүлэхүйц тав тухтай болж яагаад болохгүй гэж. Энэ талаар холбогдох хүмүүсийн байр суурийг сонслоо.
МОНГОЛ ГЭРИЙГ ЖУУЛЧНЫ БААЗЫН ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙГАА 50-60 УЛС БИЙ
–Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн. Нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү?
-Бид аялал жуулчлалын тоонд бус чанарт анхаарч байгаа. Аялал жуулчлал нь эдийн засгийн хувьд хүртээмжтэй, хүн бүр үр шимийг нь хүртдэг байх нь чухал. Орон нутгийн иргэдийн ахуй амьдралд тустай байх хэрэгтэй. Байгаль, соёл, ахуй нь “экспортлогддог” байх ёстой салбар. Жуулчдыг энэ бүх үйлчилгээгээр хангаж, үйлчилгээг холбож байдаг нь жуулчны бааз. Жуулчны баазуудад тогтвортой хөгжил чухал. Хог хаягдал, бохир, цэвэр ус, хоол хүнсний аюулгүй байдал хадгалалт хамгаалалт, монгол гэрийг яавал орчин үеийн байдлаар тав тухтай байлгах менежмент, газар зохион байгуулалт чухал байгаа.
Монгол гэр нь ЮНЕСКО-гоор баталгаажсан өв. Гэтэл Монгол гэрийг жуулчны баазын хэрэгсэл болгож байгаа 50-60 улс бий. Монгол Улс монгол гэрийг бизнесийн модель болгон дээрх улсад ашиглаж байгаа менежментийн бодлого явуулах ёстой.
-Өвлийн улиралд Монголд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан. Энэ зорилгын биелэлт ямар байна вэ?
-Одоогоор манайд 520 гаруй мянган жуулчин ирсэн байна. Жуулчин Монголд ирээд Улаанбаатарт байхыг хүсдэггүй. Тиймээс өвөл гэрийг орчин үеийн хэв маягт тохируулан дулаан байлгах шаардлагатай болдог. Өвөл Монголыг зорих жуулчид нэмэгдэхийн хэрээр жуулчны баазыг дэлхийн стандартаас суралцан Монголд нутагшуулах шаардлага тулгарч байгаа.
-Монголд хэдэн жуулчны бааз байна вэ. Хэзээ стандартад нийцсэн жуулчны баазтай болох вэ?
-Монгол дахь жуулчны баазын тоог гаргахад түвэгтэй байдаг. Яагаад гэвэл гэрээр жуулчдад үйлчилж байгаа олон газар бий. Тэднээс яг алийг нь жуулчны баазад тооцох нь эргэлзээтэй. Гэхдээ аялал жуулчлалын салбарт 400 гаруй жуулчны гэр бааз бүртгэлтэй байдаг. Бүгдийг нь ариун цэврийн байгууламжтай, халуун, хүйтэн устай болгох зорилго тавих нь буруу. Энэ нь аль чиглэлд хэрхэн бизнесийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой. Жишээ нь, Өмнөговь аймгийн гэр баазууд бараг бүгд дотроо ариун цэврийн байгууламжтай болсон. Эдгээрээс өвөл ашиглагдаж байгааг нь төвлөрч ярих шаардлагатай. Тухайлбал, мөсний баяр зохион байгуулдаг Хөвсгөлийн баруун эргийн 30-аад баазын хэд нь өвөл ажиллах зориулалттай байх вэ гэдгийг нарийн тооцох шаардлагатай. Хөрөнгө оруулалтын хэрээр жуулчдаа нэмэхгүй бол бизнесийн үр ашиг алдагдана.
ХОГГҮЙ ЯВАА МАШИНЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС ГАРГАДАГГҮЙ
–Жуулчны бааз ажиллуулахад ямар асуудал тулгамддаг вэ?
-Бид ажилтнаа сургаад, сайхан хоол хийгээд, чанартай үйлчилгээ гаргах нь өрсөлдөөнөөс шалтгаална. Бидний ажил улирлаас шалтгаалан богино хугацаатай байдаг тул бид хөгжиж чаддаггүй.
Байгальд ээлтэй завь ажиллуулъя, дулаан алддаггүй байшин барья гэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Ингээд зээл авах гэхээр монгол гэр үл хөдлөх хөрөнгө болдоггүй. Урт хугацааны, бага хүүтэй зээл олговол жуулчны баазын үйлчилгээ сайжирна.
-Монголд баазууд дөрвөн улиралд ажиллах боломж бий юу?
-Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг юм. Монголд бааз байгуулахдаа өвөл ажиллана гэж огт тооцоолоогүй байдаг. Дөрвөн улиралд ажиллахын тулд дулаан алддаггүй байр, бохир, цэвэр усаа хөлдөөлгүй байлгах зэрэгт томоохон хөрөнгө оруулалт шаарддаг. Харин сүүлийн үед дөрвөн улиралд ажиллах жуулчны баазууд баригдаж эхэлж байна. Мөсний баяр зохион байгуулахад дөрвөн улирлын баазууд хүрэлцдэггүй. Ингээд зун ажилладаг баазад хүлээж авахаар чанаргүй үйлчилгээ болчхоод байдаг.
-Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн асуудал учир дутагдалтай байдаг. Шалтгаан нь юу вэ?
-Хүмүүс аялал жуулчлалын салбарт ажиллах дургүй байдаг. Энэ салбарын ажилчдын нийгмийн даатгалыг төлдөггүй, цалин бага, цас, бороо, хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс аялал жуулчлалын салбарын ажилчдыг хүнд нөхцөлд ажилладаг заалт руу оруулж, зунаас бусад улиралд ажил олж өгөх шаардлагатай байдаг юм.
-Хөвсгөлийн аялал жуулчлалын салбар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэснээрээ сайн жишиг тогтоосон гэж сонссон. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Манайх марафон зохион байгуулдаг юм. Марафонд оролцогчдод уут тарааж, оролцогчид уутыг бариад хог түүдэг. Хэн нь хурдан гүйж, бас их хог түүсэн нь түрүүлдэг. Мөн марафоны бүртгэлийн хураамжаар хогны уут хийж жуулчдад тараадаг. Жуулчид тусгай хамгаалалтаас гарах үед нь хогтой байгаа эсэхийг нь шалгадаг. Хоггүй яваа машиныг тусгай хамгаалалттай газраас гаргадаггүй. Ингээд шаардахаар жуулчид тусгай хамгаалалттай газраас гарах үедээ хогоо хүлээлгэж өгдөг. Ингээд цугласан хогийг тусгай хүмүүс ялган ангилж дараагийн шатанд дамжуулдаг.
-Танайд ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Монгол гэрийг халуун ус, ариун цэврийн байгууламтай барьж байгаа. Бохир усыг саарал ус болгох асуудлыг туршиж байгаа. Туршиж үзээд 99 хувь цэвэршиж байвал бүгд түүнийг ашиглана.
НЭГ ГЭРИЙГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ, ШҮРШҮҮРТЭЙГЭЭР БАРИХАД 25-30 САЯ ТӨГРӨГ ШААРДАГДДАГ
Гайхамшигт говь аялал жуулчлал холбооны тэргүүн Х.Түмэндэлгэрээс гэрийг ариун цэврийн байгууламжтай болгосон туршлагаас нь сонслоо. “Жуулчид хамгийн түрүүнд ариун цэврийн байгууламж шаарддаг. Гэтэл говийн ариун цэврийн байгууламж нь гэрээс маш зайтай, захын гэрээс ариун цэврийн байгууламж хүртэл 200 метр байдаг. Энэ нь жуулчдад хүндрэлтэй байсан. Тиймээс “Говийн гайхамшиг” жуулчны бааз 2000 онд ариун цэврийн байгууламжийг гэр дотор байхаар шийдсэн. Цаашлаад зөвхөн ариун цэврийн байгууламж бус шүршүүртэй болсон. Нэг гэрийг ийм байдлаар шийдэхэд 25-30 сая төгрөг шаардагддаг.
Жуулчны бааз ажиллуулдаг иргэд жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх нь тухайн байгууллагатай холбоотой ч чанартай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахыг Засгийн газраас хүсдэгээ илэрхийлж байлаа. Учир нь, бохирын асуудлыг шийдвэрлэх дэд бүтэц, цаашлаад зээлэнд хамруулж санхүүгийн боломж олгох зэрэг олон зүйл тэдэнд үгүйлэгддэг байна.
Холбоотой мэдээ