Гадаад паспортын захиалгын хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Тодруулбал, өмнө нь яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан. Харин энэ сараас яаралтай үйлчилгээ байхгүй болж, зөвхөн ажлын тав хоногт гардаг болсон тухай албаныхан мэдээллээ.
Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болсон байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын тав, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.
Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж, ажлын тав хоногийн дараа паспортаа авах боломжтой болж байна.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД:
- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
- Сүүлийн зургаан сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 32500 төгрөг/
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД:
- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил
Холбоотой мэдээ