Эрүүл мэнд, спортын яамнаас “Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлохоор салбарын удирдлагууд өнөөдөр зөвлөлдөж эхэллээ.
Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд Ш.Шийлэгдамба хэлэхдээ “Засгийн газрын бүтэц шинэчлэгдэн Эрүүл мэнд, спортын яам байгуулагдаж биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн салбарыг эргэн бодлогын хэмжээнд нэг яаманд хариуцуулсан нь биеийн тамир, спортын салбарынхны зөв шийдэл болсон гэж үзэж байна. Өнгөрсөн хоёр жил бидэнд салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан суралцах, зарим аймаг, орон нутгийн хувьд өөрсдийн шинэ брендтэй болоход үр өгөөжөө өгч, салбарын цаашдын чиг хандлагаа тодорхойлоход түлхэц болж, амжилт бүтээл, алдаа оноо хосолсон томоохон сорилт, шалгуурын жилүүд байсан. Манай тамирчдын хувьд олон улсын тив, дэлхийн тэмцээнээс аваргуудтай, хүүхэд, залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын спортын оролцоог жигд хангасан зэрэг амжилт арвинтай байлаа.
Тамирчид, дасгалжуулагчдын энэхүү амжилтыг төрийн зүгээс үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, холбогдох бусад шийдвэрүүдийг гаргуулснаар өнгөрсөн долоо хоногт 2014 онд олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцсон 189 тамирчин, 65 дасгалжуулагч, Үндэсний спортын Ү их наадамд амжилт үзүүлсэн 322 тамирчин, дасгалжуулагчдад нийт 1,5 тэрбум төгрөгийн мөнгөн шагналын батламжийг гардуулан олгуулах ажлыг зохион байгууллаа. Оны эхнээс олимпийн наадмын зай, жин, төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан 45 тамирчинд 102,5 сая төгрөгийн сар бүрийн урамшуулал олгогдож эхэлсэн.
Бид бүгд богино хугацаанд Засгийн газрын тогтоолоор биеийн тамир, спортын салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэгтэй аймгуудад Биеийн тамир, спортын газрыг байгуулан шийдвэрлүүлж чадсан. Иймээс та бүхэн цаашид хийхээр төлөвлөж буй өөрчлөлт, шинэчлэлийн давалгаатай уялдсан, ямар ч улс төрийн нөхцөл байдалд орон нутгийн биеийн тамир, спортын асуудлыг эрхлэх төрийн захиргааны байгууллагын хувьд залгамж шинж чанарыг алдагдуулахгүй хадгалах, тогтвортой байдлыг хангахад чиглэгдэн ажиллах ёстой”-г илтгэлийнхээ төгсгөлд анхаарууллаа.
Салбарын яамны зүгээс биеийн тамир, спортын хөгжлийн төвийг байгуулснаар сүүлийн хоёр жил анхаарлын гадна үлдээд байсан нийтийн биеийн тамирын ажил үйлчилгээг идэвхжүүлэх, 1961 оноос хойш байгуулагдсан цагаасаа зөвхөн үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил үйлчилгээг хүртээмжтэй болгон зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхээс гадна үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг эрчимжүүлэн Рио-2016 зуны олимпийн наадамд бэлтгэх ажилд менежментийн шинэчлэлийг хийгээд байна.
Энэхүү зөвлөгөөнөөр биеийн тамир, спортын салбарыг нийгэм эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалт болох “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгынхаа төслийг боловсруулснаа оролцогчдоороо хэлэлцүүлж санаа бодлыг нь тусгаж байна. Спортын барилга байгууламжийн хувьд аймаг, орон нутгууд тодорхой хэмжээнд хангагдсан ч нийслэлийн хэмжээнд хүрэлцээгүй хэвээр байгаа. Тиймээс энэ онд СХД-ийн Спортын ордонг ашиглалтанд оруулах, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргүүдийн спортын ордны барилгын ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлснээр бүх дүүрэг спортын ордонтой болох аж.
Эх сурвалж: www.moh.mn