Залуу хосын үхлийн шалтгааныг хуулийн байгууллага эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Залуу хосын үхлийн шалтгааныг хуулийн байгууллага эцэслэнэ

2019.01.23 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 18-р байр

“Таван давхраас эрэгтэй, эмэгтэй хүн үсэрчихлээ” гэх сэтгэл сэрдхийлгэм дуудлага өчигдөр /2019.01.22/ цагдаагийн байгууллагад иржээ. Бид уг хэргийн талаар өчигдөр мэдээлсэн ч энэхүү харамсалтай хэргийн цаана амиа хорлолт бус гаднын нөлөөтэй, бусдын гарт амиа алдсан гэмт хэрэг үйлдэгджээ.

Манай сурвалжлах багийнхан хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 18-р байрны орчимд өнөөдөр /2019.01.23/ 10.00 цагийн үед очиход тус байрны хоёрдугаар орцны таван давхрын тагтны хүрээ цусанд будагдаж, харахаас ч нүд халтирам дүр зураг үзэгдэж байлаа.  Байрны гадаа цөөн хүн алхах хэдий ч тус байрны ойр орчмыг  талийгаачийн унасан  хэсгийг цэвэрлэсэн байв.

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр өглөөний 09.30 цагийн орчимд иргэнээс дуудлага мэдээлэл иржээ. Хэрэг гарсан даруйд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийн цагдаа нар, түргэний тэрэг, шүүх шинжилгээнийхэн үзлэг шалгалт хийжээ. Улмаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс амиа алдсан байсныг олж тогтоосон юм. Одоогоор амиа алдсан хоёр иргэний үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Цагдаагийн байгууллагаас болон ойр хавьд явж байсан гэрчүүдийн мэдүүлснээр  тус байрны хоёрдугаар орцонд … тоотод залуухан хос хоёр оршин суудаг байжээ. Амиа алдсан гэх 22 настай М нь найз бүсгүй болох 18 настай М-ийг таван давхрын тагтнаас шидэж, дараа нь тагтаар дээш гаран дээврээс үсэрсэн аж. Гэрчүүдийн мэдээлснээр залуу найз бүсгүйтэйгээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хүзүүн тус газар нь хутгалж, цонхоор шиджээ. Удалгүй таван давхрын тагтаар дамжин дээш гарч унасан байна.

Дуудлага өгсөн даруйд түргэний тэрэг ирсэн ч залуу бүсгүй М нь газар дээрээ амьсгал хураасан, өвсөн дунд хэвтэж байжээ. Харин түүний найз залуу М нь ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас барсан бөгөөд эмнэлэгт очоогүй гэдгийг тус эмнэлгийн хэвлэлийн ажилтан бидэнд мэдээлсэн юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр хос хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо муудалцсан нь амиа алдах шалтгаан болсон байна. Тухайн үед хэргийн газраас хосын гар утас, тэмдэглэлийн дэвтэр зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр цагдаа нарыг хэмжилт хийж байхад талийгаач нарын аль нэгнийх нь эцэг эх бололтой хүмүүс уйлсаар дээш гарсан гэв.

Бид тус байрны үйлчлэгчээс зарим зүйлийг тодруулахад  хэрэг гарсан өдрийн 07.00 цагийн орчимд цэвэрлэгээ хийх явцад хачирхалтай дуу чимээ сонсогдоогүй. Тухайн айлд ямар хүмүүс оршин суудгийг ч мэдэхгүй байна. Цэвэрлэгээ хийгээд явж байхад, нам жим байсан. Судалгаа, сурталчилгааны материал тараахаар хаалга тогшиход тайлж байгаагүй гээд цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Хөрш айлын мэдээлснээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амьдардаг байсныг ч мэдээгүй түргэний тэрэг ирээд, цагдаа нар хэргийн газарт шалгалт хийхэд уг харамсалтай хэрэг гарсныг мэдсэн ажээ. Мөн бид тус хорооны ажилтнуудтай уулзаж, хэрэг явдлыг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Олон нийтийг цочирдуулсан уг хэрэг хардалтын улмаас үүдэлтэй юу эсвэл хувийн таарамжгүй харилцаанаас болсон уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.

 

2019.01.23 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 18-р байр
2019.01.23 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 18-р байр
2019.01.23 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо 18-р байр

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж