Ямайкийн ойрын зайн гүйлтийн домогт тамирчин Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгийг орхиж буйгаа мэдэгджээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд үнэхээр хөгжилтэй байлаа. Хамгийн сайн туршлага болсон. Надад энэ багт байх таалагдсан. Багийнхандаа сэтгэл хангалуун байсан” гэж хэлсэн байна. Гэвч тэрбээр цаашид хөлбөмбөгийн замналаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ.Эдүгээ Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болох хүсэл мөрөөдлөө орхихоор шийдсэн бөгөөд хуримтлуулсан туршлагадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Спортын замналаа өндөрлүүлж, бизнест хүчээ сорихоор шийдсэн” хэмээн хэлжээ. Олимпийн найман удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга түүний тогтоосон дээд амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байгаа юм. Ямайка залуу 100 метрийн зайд 9,58 секунд, харин 200 метрт 19,19 секунд хурдалсан амжилтын эзэн билээ.
32 настай тэрбээр Рио, Бээжин, Лондонгийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бөгөөд “зодог тайлсныхаа” дараа зөвхөн мэргэжлийн хөлбөмбөгт хүчээ сорихоо илэрхийлж байв. Усэйн Болт Австралийн хөлбөмбөгийн “Централ Кост Маринерс” багийн бүрэлдэхүүнд тоглох болсон билээ. Хөлбөмбөгийн замналынхаа анхны гоолыг оруулсан бичлэг нь клубын твиттер хуудаст тавигдаж, шуугиулж байсан юм. Болт “Макартур Саут Вест Юнайтед” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын 57 дахь минутад гоол оруулж, нум сум харвагчийн дүрээр ялалтаа тэмдэглэсэн. Үүнээс 11 минутын дараа тэр хоёр дахь бөмбөгийг эсрэг багийн хаалганд оруулжээ. Тэдний баг энэ тоглолтод 4:0 харьцаатайгаар хожсон билээ.
Сануулахад, гүйлтийн спортоос зодог тайлсан Усайн Болт Австралийн багтай өнгөрсөн долдугаар сард гэрээ байгуулж байсан юм.
Эх сурвалж: The Goal
Холбоотой мэдээ