Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Нью Йорк амьдардаг Michelle Joni 21 наснаас дээш насныхан явдаг цэцэрлэг ажиллуулдаг байна. “Preschool Mastermind” нэртэй тус цэцэрлэг долоо хоногт нэг удаа хүмүүжигчдээ хүлээж авдаг бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч ѳѳрийн амьдардаг орон сууцанд хичээлээ явуулдаг ажээ.

Цэцэрлэгт явдаг хүмүүс зураг зурж, будахаас гадна гоёмсог даашинзаар ижилсэн, дуу дуулж бүжиглэн, амттан хувааж идэн, өдрийг өнгөрүүлдэг байна. Тэд бас өсвөр насны хүүхдүүд шиг өдрийн цагаар унтаж амрахаа ч мартдаггүй гэнэ. Үргэлж сонирхолтой үдэшлэг санаачилж байдаг томчуудын цэцэрлэгийнхэн хамгийн сүүлд “Унтлагын хувцасны үдэшлэг” зохион байгуулж, хѳгжилджээ.

Тус цэцэрлэгт зурагчин, хуульч, гэрийн эзэгтэй зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ирдэг ажээ.  Цэцэрлэгийн эрхлэгч Michelle Joni хэлэхдээ “Өдѳр тутмынхаа амьдралд ядарсан, стресстсэн хүмүүс олон байдаг. Тэд манайхыг сонгон ирснээрээ богино хугацаанд тайвширч, сэтгэлээ эмчилдэг” хэмээн ярьжээ.

Харин цэцэрлэгийн хүмүүжигчид “Бид буцаж хүүхэд насандаа очсон мэт санагдаж, түүгээрээ дамжуулан амьдралын эрч хүчийг олж авдаг. Энд байгаа бүх хүмүүс энэ газарт хайртай“ гэж ярьсан байна. Тус цэцэрлэг  хүмүүсийн мѳнгѳ тѳлѳх чадвараас хамааран сард 333-999 ам.долларын үнэлгээ тогтоодог аж.

Б.БИЛГЭЭ

Эх сурвалж: insight.co.kr

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж