Сагсан бөмбөгийн "Үндэсний супер лиг"-ийн плэй-оффт "SBL Хасын хүлгүүд" өрсөлдөгчөө 3:0-оор хожсоноор хагас шигшээд шалгарсан эхний багаар тодроод байна. Тэгвэл өнөөдөр Супер лигийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Өнөөдөр нийт гурван тоглолт болох юм.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр дараах тоглолтууд болно.
Эмэгтэй:
16.00 "СБЛ Хасын хүлгүүд" vs МИУС Ирвэсүүд
Эрэгтэй:
18.00 “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”
20.00 “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”
Плей-оффын явц:
1: “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0)
2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” 97:103, 115:103, 94:115 (1:2)
3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац” 119:100, 103:95 (2-0)
4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд” 107:104, 91:98(1-1)
ХҮЛЭГҮҮД ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА
Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын 3 дах тоглолтоо 2 баг хийлээ. Цувралыг 2:0 харьцаатай Хүлэгүүд тэргүүлж байсан тул Ирвэсүүдийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан юм.
Өмнөх 2 тоглолтонд тун тэнцүү тоглолт үзүүлж ялагдал хүлээсэн Ирвэсүүдэд өнөөдөр зөвхөн хожил л хэрэгтэй байлаа. Тоглолтын өмнө Энэ Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан тоглогчийн шагналыг Ирвэсүүдийн хамгаалагч Э.Дорж-Арилд гардан авсан юм. Тэрээр энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлж, өмнөх улирлаас амжилт нь тун их дээшилсэн нь багийнх нь амжилтаас харагдана. Улмаар тоглолт эхэлж Ирвэсүүд ч тоглолтын эхнээс тун тэнцүүхэн тоглолт үзүүлж, довтолгоондоо анхааран тоглож байсан юм. Хүлэгүүдээс энэ өдөр багийн лидер Билгүүн сэлгээнээс тоглолтонд оролцсон бол Бямбадорж түүнийг орлон гараанд гарсан юм. Харин Ирвэсүүд өмнөх тоглолтонд бага ашигласан Эрдэнэдалайг гараанд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Эрдэнэдалай, Teeng Akol гэсэн хослол самбар дор улиралд үзүүлсэн сайн тоглолтоо үзүүлж байсан бол Цэвэлдоржийн шидэлтүүд ч байндаа тусч байлаа. Хүлэгүүдээс Сэргэлэн энэ өдөр тун найдвартай шидэж байсан бөгөөд Hammonds ч туршлага зааж түүнд хэрэгтэй оноонуудаар тусалж байсан юм. Билгүүн эхний хагаст талбайд огт гараагүй ч баг нь 2 онооны илүүтэй эхний хагасыг өндөрлүүлсэн нь Хүлэгүүдийн багийн тоглолт ямар сайн байсныг харуулсан гэхэд болно. Ирвэсүүдийн гарааны тоглогчид ч үүргээ сайн биелүүлж, эхний хагаст сайн байлаа. 2-р хагас ч өмнөх тоглолтуудын адил тэнцүүхэн өрнөсөн бөгөөд Билгүүн 2-р хагаст ядралтгүй талбайд гарч ирсэн нь Хүлэгүүдийн хувьд зөв шийдвэр болсон юм. Сэргэлэн, Hammonds нарын сайн тоглолт үргэлжилж байсан бол Билгүүн Phil Jones нар ч өөрсдийн тоглолтыг гаргаж эхлэв. Гэсэн ч Ирвэсүүд хамгаалалтаа сайн хийж тоог тэнцүү явуулсаар байлаа. Гэхдээ 4-р үеийн төгсгөлд Хүлэгүүд туршлага зааж, Marcus Hammonds 3 секунд дутуу байхад дундын зайн шидэлтээ оновчтой болгосноор Хүлэгүүд 1 оноогоор илүү гарч чадсан. Улмаар Ирвэсүүдийн сүүлийн довтолгоог Mike Pugh хийсэн ч амжилтгүй болсноор SBL Хасын Хүлэгүүд баг цувралыг 3:0-ээр дуусгаж, дараагийн шатанд шалгарлаа. Ирвэсүүдийн хувьд 3 тоглолтонд тун сайн өрсөлдөөнийг үзүүлсэн ч туршлага дутаж, төгсгөлөө тааруу хийж байснаар Плэй-Оффын тоглолтуудаа өндөрлүүллээ.
ТАНАН ГАРЬД ЦУВРАЛЫГ 2:1 ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын эхний шатны цувралын 3 дах тоглолтоо Мадимос Мон-Алтиус Шонхорууд болон Дорнод Танан Гарьд багууд хийлээ. Эхний 2 тоглолт тун сонирхолтой болж, цуврал 1:1 болж тэнцээд байсан учир хожсон баг нь цувралыг тэргүүлж эхлэх чухал тоглолт байсан юм.
Тоглолт эхнээсээ тун тэнцүү өрнөж, 2 баг ээлж дарааллан довтолгоогоо оновчтой болгож байлаа. Гарьдуудаас О.Ууганбаяр эхний хагаст сайн байсан бол Шонхоруудаас онцгойрсон тоглогч байгаагүй ч багаараа маш сайн тоглож байлаа. Эхний хагас ердөө 2 онооны илүүтэй Танан Гарьдын давамгайллаар өндөрлөв. Эхний хагаст Шонхорууд богино солилцоо ихээр хийж, тамирчдаа амрааж, олон тоглогч ашиглаж байсан нь үр дүнтэй байсан бол Гарьдууд ч өмнөх тоглолтоосоо сургамж авч, хэд хэдэн удаа тактикаа өөрчилж, солилцоо хийж байлаа. Уг цувралд 3-р үед сайн тоглосон баг нь хождог гэдгийг өмнөх 2 тоглолт харуулсан билээ. Тэгвэл энэ өдрийн тоглолтын 3-р үед Танан Гарьд баг гайхалтай байлаа. Тэр дундаа холбон тоглогч Антонио Жонс супер байж холын зайн шидэлтүүд болон, оролтуудаа оноо болгож байсан юм. Тэрээр энэ өдөр 35 оноогоор багаа тэргүүлсэн. Түүнийг зогсоох хүн 3-р үед байсангүй. Шонхоруудын эхний хагаст харуулж байсан сайн тоглолт 3-р үед тэр чигтээ үгүй болж, Гарьдууд 20 онооны тэргүүллийг авч чадсан. Улмаар 4-р үед ч сайн тоглолтоо хадгалж чадсанаар хожил байгууллаа. Тус тоглолтонд Гарьдуудын төвийн тоглогч Марко Павлович гараанд гарсан ч тун удалгүй сэлгээрүү шилжиж, дахин гарч тоглоогүй ч баг нь хожил байгууллаа. Антонио Жонс, Митчелл Андерсон нар гайхалтай байснаас гадна О.Ууганбаяр 28 оноо, 11 самбараас бөмбөг авч гайхалтай тоглолт үзүүллээ. Харин Шонхоруудаас Дархантөгс сэлгээнээс 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Санчир 17, Parker 15, Quincy 11 оноо, 18 самбар авсан ч баг нь 2-р хагаст хамгаалалт, довтолгоонд тааруу байснаар ялагдал хүлээлээ. Цувралыг Дорнод Танан Гарьд баг 2:1 болгож тэргүүлж эхэллээ. Шонхоруудын хувьд 2 дараалж ялалт байгуулах хүндхэн даалгавартай үлдэж байна.
Д.ЛХАГВА