АНУ-ын кино академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслолын энэ жилийн нэр дэвшигчдийг өчигдөр /2019.01.22/ олон нийтэд танилцуулсан байна. Шагнал гардуулах ёслол нь хоёрдугаар сарын 24-нд Холливүүдийн зүрхэнд орших “Dolby” театрт зохион байгуулагдах юм.
Энэ жилийн Оскарын наадмыг хөтлөх хүнийг хараахан тодруулаагүй байгаа бөгөөд нэг хөтлөгч сонгохгүйгээр олон хүнд энэ ажлыг хариуцуулж ч магадгүй байгаа аж.
“Netflix”-ийн бүтээл болох “Рома” болон Английн “The Favourite” зэрэг уран бүтээлүүд нь хамгийн их буюу нийт арван номинацид нэр дэвшсэн байна. “Рома” бол хар цагаан дүрслэл бүхий Мексик кино юм. Харин 2018 онд “Box Office”-ийг удаан хугацааны турш тэргүүлсэн “Хар ирвэс” нь шилдэг кинонд нэр дэвшиж буй супер баатруудын тухай анхны уран бүтээл боллоо. Шилдэг кино шагналд “Хар ирвэс”-ээс гадна алдарт Queen хамтлагийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody”, Лэди Гага, Брэдли Күүпер нарын тоглосон “A Star is Born” зэрэг кино өрсөлдөж байгаа юм.
Харин шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналд Бристиан Бэйл “Vice” киноны гол дүрээрээ, Брэдли Күүпер “A Star is born”, Рами Малик “Bohemian Rhapsody” мөн Виллием Давое, Вигго Мортенсен зэрэг жүжигчид өрсөлдөж байна. Шилдэг эмэгтэй жүжигчний шагналд “Рома” киноны гол дүрээрээ Ялица Апарисио, Лэди Гага, Гленн Клөүз, Оливиа Колман, Мелисса Маккартни нарын таван нэр дэвшигч тодоржээ.
Шилдэг кино найруулагчийн шагналд Спайк Ли “BlackkKlansman” киногоороо, Павел Павликовский “Хүйтэн дайн” киногоороо мөн “The Roma”, “Vice”, “The Favourite” киноны найруулагчид өрсөлдөж байна. Харин хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан “A Star is Born” киног найруулж, дебютээ хийсэн жүжигчин Брэдли Күүпер шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшээгүй байна.
Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд “Супер гэр бүл-2”, “Нохойнуудын арал”, “Мираи”, “Сүйтгэгч Ральф”, “Хүн аалз” зэрэг уран бүтээлүүд нэр дэвшжээ.
Шилдэг дуунд “Хар Ирвэс” киноны “All the Stars”, Мэри Поппинс эргэж ирсэн нь киноны “The Place where lost things go from”, “Тhe Star is born” киноны “Shallow” тэргүүтэй уран бүтээлүүд өрсөлдөж байна.
Эх сурвалж: news.com
Холбоотой мэдээ