Уругвай, Бангладеш зэрэг улстай цэргийн хамтын ажиллагааг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Уругвай, Бангладеш зэрэг улстай цэргийн хамтын ажиллагааг эхлүүлжээ

Цэргийн хамтын ажиллагааны хувьд 2018 онд Индонез, Филиппин, Уругвай, Бангладеш гэсэн нийт дөрвөн улстай цэргийн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ

Уругвай, Бангладеш зэрэг улстай цэргийн хамтын ажиллагааг эхлүүлжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр/2019.01.23/ “Монгол ньюс” мэдээллийн төвд 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулав. Монгол Улсын цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штаб нь Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд дараах хөтөлбөрүүдэд ажилласан байна. Үүнд “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллажээ.

Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бие бүрэлдэхүүний 85,1 хувь нь эрэгтэй, 15,9 хувь нь эмэгтэй цэргийн албан хаагчид байна. 2018 онд гадаадын зургаан улсад 18 офицер академийн боловсрол, 69 ахлагч цэргийн дээд боловсрол эзэмшиж, Зэвсэгт хүчний анги, салбарт томилогдон ажиллажээ. Мөн гадаадын 17 улсад 151 офицер, 69 ахлагч урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаанд суралцсан байна. Тодруулбал, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНФУ, Канад, Итали, Австрали, Тайланд, Камбож, Малайз, Индонез, Непал улсуудад албан хаагчид ажиллажээ. Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвүүдэд анхан, дунд, гүнзгийрүүлсэн дамжаануудад нийт 515 цэргийн албан хаагчид хамрагдан суралцсан байна.

Команд штабын есөн удаагийн сургууль зохион байгуулагдаж, тэдгээрт 1200 цэргийн албан хаагч, 100 гаруй нэгж байлдааны зэвсэг техник оролцжээ. Цэргийн байлдааны буудлагатай болон буудлагагүй 146 удаагийн тактикийн хээрийн сургууль, 28 удаагийн тусгай тактикийн хээрийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, тэдгээрт нийт 3360 цэргийн албан хаагч, 420 нэгж байлдааны болон тусгай зориулалтын техник, хэрэгсэл оролцож, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхаа нэмэгдүүлсэн байна. Ажиллагааны өмнөх зургаан удаагийн сургалт төлөвлөгөөний дагуу явагдаж,  тэдгээрт нөөцийн бүрэлдэхүүний хамт нийт 1400 гаруй цэргийн албан хаагч хамрагдаж, Афганистан болон Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Зэвсэгт хүчин нь гадаадын нийт 36 улстай хамтын ажиллагаатай бөгөөд түүний дотор цэрэг-техникийн хамтын ажиллагаатай таван улс /ОХУ, БНХАУ, Укриан, Беларус, Турк/ байгаа аж. Цэргийн хамтын ажиллагааны хувьд 2018 онд Индонез, Филиппин, Уругвай, Бангладеш гэсэн нийт дөрвөн улстай цэргийн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нийт 86 арга хэмжээг зохион байгуулсныг дурдав.

Хоёр талын хамтарсан сургуульд Монголын талаас 470, гадаадын 350 орчим цэргийн албан хаагчид оролцсон байна. АНУ-тай хамтарсан “Иргэн цэргийн харилцааны туршлага солилцох сургалт”, НАТО-ын боловсрол, сургалтын хүрээнд “НҮБ-ын цэргийн ажиглагч офицерын дамжаа” зэрэг томоохон сургалтууд болжээ. Мөн уламжлалт “Khaan Quest 2018” энхийг дэмжих ажиллагаа болон “Говийн чоно 2018”  олон улсын сургуулиуд болж, цэргийн албан хаагчид идэвхтэй оролцож томоохон туршлага хуримтлуулсан байна.

Үүнээс гадна ОХУ-д болсон “Спасска башня”, “Амурский волны” олон улсын хөгжмийн наадамд 800 орчим цэргийн албан хаагчид оролцжээ. Энэхүү наадмуудад оролцсоноор цэргийн хөгжимчдийн мэргэжлийн ур чадвар дээшилснийг онцлов.

Анх удаа “Аравт” морин цэргийн уралдааныг зохион байгуулж, Зэвсэгт хүчний 032, 232 дугаар ангийн гурван багийн 30 цэргийн албан хаагчид оролцож, уул, ой мод, гол ус, элс зэрэг бартаа саад бүхий 130 км замд ур чадвараа сорин өрсөлджээ.

Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Өмнөговь, Төв аймгуудад болсон үер усны гамшгийн үед үеэр усны голомтод цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж гамшгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Үүнээс гадна улсын хэмжээнд явагдсан намрын ургац хураалтын ажилд дөрвөн аймгийн 18 сумын нутаг дэвсгэрт 1219 цэргийн албан хаагчид ажилласнаас гадна газрын тосны боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын 17,5 км замын байгууламжийн газар шорооны бүтээн байгуулалтын ажилд оролцсоныг дурдав.

Зэвсэгт хүчний хүрээнд 2019 онд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэх, Олон улсын болон хоёр талын хамтарсан хээрийн сургуулиуд явагдах, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулахаас гадна улс орны бүтээн байгуулалтын томоохон ажлуудад дэмжлэг үзүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж