Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш маргааш Монголд ирэх гэж байна.
Түүнийг ирэхтэй зэрэгцээд янз бүрийн хардлага, таамаглалууд хэвлэлээр хөвөрч эхэллээ. Түүнчлэн Сэм Уолшийг Монголд ирнэ гэсэн мэдээлэл гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа нь мэдээж. Зарим хэвлэлүүд түүний Монголыг зорих шалтгааныг "Оюутолгой"-н экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ энэ оны хоёрдугаар сард нэг сая тоннд хүрснийг тохиолдуулан ирж байгаа хэмээн тайлбарлаж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын тус тусдаа гаргасан ажлын хэсгийнхэн Лондон-Улаанбаатарыг дамжин хэлэлцээ хийсэн ч үнэндээ тохиролцоонд хүрч чадаагүй. "Энэ хүлээлт эдийн засагт муугаар нөлөөлсөн" гэх нэгэн байхад "Рио Тинтод буулт хийх шаардлагагүй" гэж үзэх хүмүүс улс төрд олон.
Монголын Засгийн газар Тавантолгой, Оюутолгойн ордыг гацаа, гараанаас нь гаргахаар чармайж буй хэдий ч саарал ордонд өдөлсөн улс төрөөс шалтгаалан аль, аль нь амжилтгүй болох магадлал тун өндөр. Гэхдээ хууль тогтоох хамгийн дээд байгууллагыг даргалж байгаа, мөн эрх барьж буй намыг даргалж удирдаж буй нөхрийн хэлснээр ирэх аравдугаар сард Оюутолгойн гацаа тайлагдаж магадгүй гэх. Чухам ийм л асуудлаар ноён Сэм Уолш Монголд ирэхээр болсон биз.
Нөгөө талаар, өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн хямралаар далимдуулан монголчуудад тулгалт үзүүлсэн "Рио Тинто"-гийн зүгээс Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ямар үг дайлгаж явуулж буйг таамаглахад хэцүү. Зорилгоо нууцалсан энэ айлчлал Монголын эдийн засагт ашигтай байгаасай гэж найдья.
Б.ХОНГОР