Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг дахин шинэчлэв

БНХАУ-ын Чүнчон хотод гуравдугаар сарын 22-ны өдөр болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлагад гурван тамирчин оролцжээ. Эдгээрээс “Алдар” спорт хорооны тамирчин, "Бодь" даатгал компаний тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, шилдэг 10-т багтсан байна. Мөн тэрээр Монгол Улсын рекордыг дахин шинэчлэн тогтоолоо.

ОУХМ Б.Мөнхзаяа.

Эрэгтэйчүүдийн ангилалд “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Л.Гантулга 42 км, 195 метрт 2.22.21 цагийн амжилтыг үзүүлсэн бол 2015 оны Азийн аваргын хүрэл медальт Ж.Олонбаяр гэмтлийн улмаас замаа дуусгаж чадаагүй байна.

Чүнчиний олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 35 мянган тамирчин оролцжээ.

Дашрамд дуулгахад, ОУХМ Б.Мөнхзаяа Хонгконгт болсон 2015 оны Азийн АШТ-д IV байр эзэлж, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байсан. Мөн түүний үзүүлсэн 2.38.43 цагийн амжилт нь “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан юм. Тэгвэл тэрээр энэхүү цагийн амжилтаа Чүнчиний тэмцээнд 5 минутаар ахиулж, олимпийн наадмын нормативийг дахин баталлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж