Нийгмийн халамжийн 2019 оны нэгдүгээр сарын мөнгө болон ахмад настаны “Насны хишиг”-ийн мөнгөө авах гэсэн иргэд Төрийн банкны салбаруудын гадна урт дарааллыг үүсгээд байна. Төрийн банкны зүгээс нийгмийн халамжийн санхүүжилт орж ирээгүй, санхүүжилт орж ирсэн даруйд иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байсан. Энэ талаар Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.
-Төрийн банкны салбар нэгжүүдийн гадна нийгмийн халамж, “Насны хишиг”-ийн мөнгөө авах гэсэн иргэд урт дараалал үүсгээд байна. Нийгмийн халамжийн санхүүжилтыг хэзээнээс олгох вэ?
-Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт нийгмийн халамжийн мөнгийг өнөөдрөөс /2019.01.23/ олгож эхлээд байна. Эдгээр гурван дүүрэг дэх салбаруудад иргэдийн дансны холболтын ажлууд дутуу байгаа учраас үдээс хойш жигдэрч, олгож эхэлнэ.
-Төрийн банкнаас өөр банк нийгмийн халамжийн мөнгө олгодог уу?
-Төрийн банкнаас гадна Хаан банкны салбаруудаар нийгмийн халамжийн мөнгөө олгож байгаа. Өмнө нь нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан банк, Капитал банкны салбаруудаар олгодог байсан. Одоогоор Капитал банкны салбарууд Төрийн банк руу шилжсэн учраас хоёр банкны 120 гаруй салбараар дамжуулан олгож байна.
-Нийгмийн халамжийн мөнгийг хэчнээн хүн авах вэ?
-Одонгийн мөнгө, Ахмад дайчны, Насны хишиг, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг олгоод эхэлсэн. Харин үндсэн халамжийн мөнгийг олгож эхлээгүй байсан юм. Жишээлбэл, “Насны хишиг”-ийн мөнгийг 120 гаруй мянга, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 150 гаруй мянга ээжүүдэд олгодог.
Холбоотой мэдээ