Малайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

LiveМалайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу мэдүүлэг өгнө

Малайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу мэдүүлэг өгнө
18 : 00
2019-1-23

Малайз дахь шүүх хурал: С.Шаарийбуу гэрчийн мэдүүлэг өгнө

Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэргийн шүүх хурал нь өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн бөгөөд тус хуралдаанаар орчуулагчийг томилсон юм. 

Харин өнөөдөр /2018.01.23/-ийн хуралдаанаар гэрч О.Бурмаагаас мэдүүлэг авсан юм. Харин маргааш үргэлжлэх шүүх хуралд  О.Бурмаа болон талийгаачийн аав С.Шаарийбуу нарын гэрчийн мэдүүлгийг сонсохоор болжээ.

Шүүх хурал нэгдүгээр сарын 31-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш өглөө дахин хуралдах юм. 

16 : 03
2019-1-23

Шүүх хурал: О.Бурмаа гэрчийн мэдүүлэг өгөв

Малайзын Холбооны улсад 2006 онд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Ша-Алам хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэв.

Талийгаач нь Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байв. Харин 2005 онд төрийн өндөр албан тушаалтнуудын дунд явагдсан нууц наймааны хэлэлцээрийн явцад орчуулга хийсэн гэх бөгөөд дараахан нь бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан нь хууль бус ажиллагаандаа гэрч үлдээхгүй гэсэн Малайзын албан тушаалтнуудын санаархлаас үүдэлтэй гэх хардлага явж ирсэн.

Харин өнөөдөр /2019.01.23/ болсон шүүх хурлын үеэр талийгаачийн үеэл, дотнын найз О.Бурмаа гэрчийн мэдүүлэг өгснийг Малайзын мэдээллийн сайтаас орчуулан хүргэж байна.

О.Бурмаа өнөөдрийн шүүх хурлын дараа

О.Бурмаа:

-Энэ аллагын хамгийн чухал баримтуудын нэг болох талийгаач Ш.Алтантуяагийн Абдул Разак Багинда болон Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак нартай хамт Парист авхуулсан зургийг 2005 онд харж байсан. Талийгаач зурган дээр байгаа хоёр хүнийг надад танилцуулаад, тэднийг сайн найзууд, бас бизнесийн хамтрагчид гэж хэлж байсан. Би Абдул Разак Багинда /түүнийг хүн амины хэргийн гол захиалагч гэж үзэж байгаа/ болон талийгаачтай гурвуулаа 2004 оны арванхоёрдугаар сараас 2005 оны гуравдугаар сар хүртэл нийт гурван удаа уулзсан.

  1. Намайг Хонг-Конгод амьдарч байх үед 2004 оны арванхоёрдугаар сард талийгаач Багиндатай хамт зочилж ирэхдээ түүнийг найз хэмээн танилцуулсан. Харин хожим нь тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан нь ойлгомжтой болсон.
  2. 2005 оны нэгдүгээр сард талийгаачтай хамт Хонг-Конгоос Шанхай руу ирэхэд нисэх онгоцны буудал дээрээс Абдул Разак Багинда угтаж аваад тийз, байрлах байр, хоол, унаа, дэлгүүр хэсэх мөнгө гээд Шанхай дахь аяллын бүх зардлыг Багинда даасан.
  3. 2005 оны гуравдугаар сард тэр хоёртой Сингапурт уулзсан. Тэр үед тэд дөнгөж Парис, Европын хотуудаар аялж яваад ирээд байсан.

Мөн Багинда нэг удаа намайг Хонг-Конгод байхад залгаад, талийгаачийг Монгол руу явснаас хойш холбоо барьж чадахгүй байна. Түүнд маш их санаа зовж байна, бас хүнд өвчтэй хүүхдэд нь мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлмээр байгаагаа хэлж байв. Харин талийгаачтай хамгийн сүүлд нас барахын нь өмнөхөн буюу 2006 оны наймдугаар сард Хонг-Конгоос Малайз руу нисэх үеэр уулзсан. Тухайн үед Абдул Разак Багинда талийгаачид Европт хийсэн ажлынх нь хөлсийг өгөхгүй байгаа тул өөрийн биеэр очиж уулзан, мөнгөө авахаар Малайз руу явсан” хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлжээ.

Талийгаач нь тухайн үед Малайзад ирснийхээ дараахан Ша-Алам хотын ойролцоо ойд нас барсан билээ. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Тухайн үед талийгаач 28 настай, бие давхар байсан гэдэг.

О.Бурмаа ийнхүү тус хэрэгт Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакыг холбоотойг гэрчилсэн ч тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа юм. Тухайлбал, Нажиб Разикаас сэтгүүлчид өнөөдөр болсон Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурлын үеэр О.Бурмаагийн ярьсан зүйлийг үнэн эсэхийг асуутал тэрбээр “Энэ бол гүтгэлэг. Би талийгаачтай хэзээ ч уулзаж байгаагүй. Түүний үхэлд би ямар ч хамаагүй” хэмээн хэлсэн аж. Түүгээр ч барахгүй Нажиб Разик нь талийгаачийг танихгүй гэдгээ өмнө нь исламын сүмд андгайлж байсан удаатай хэмээн онцолсон байна.

Талийгаачийг нас барсныг хэрхэн сонссон тухай шүүгч О.Бурмаагаас асуухад:

“2006.10.19-ны өдөр Г.Намираа гэдэг хүн талийгаачийг Багиндатай уулзахаар яваад эргэж ирээгүй гэдгийг утсаар залгаж хэлээд, одоо яах вэ гэж асуусан. Би түүнд нэг цагийн дараа эргэж ирэхгүй бол цагдаагийн газарт очиж мэдэгд гэж хэлсэн” хэмээн мэдүүлжээ.

Мөн талийгаач Малайз руу 2006 оны наймдугаар сард явахаасаа өмнө Багиндатай маргалдсан тухайгаа О.Бурмаад хэлж байсан аж. Шүүх хурлын дараа Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч нь хэвлэлийн бага хурал хийх үеэрээ  “О.Бурмаа гадаадаас ирсэн, удахгүй Малайзаас явна. Гадаадаас Малайз руу ирж буцан байх явцдаа гэрчийн мэдүүлэг өгч, хэргийн нотлох баримтуудыг дэлгэнэ гэдэг цаг хугацааны хувь дэндүү давчуу ажил” хэмээн хэлжээ.

О.Бурмаа нь одоогоор АНУ-ын Чикаго хотын их дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж, тэндээ оршин сууж байгаа аж.

 

10 : 04
2019-1-23

Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэргийн шүүх хурал болж байна

Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.01.23/10:30 цагт Ша Алам хотод эхэллээ.

Б.Энхжин

Малайзийн Селангор мужийн нийслэл Ша Алам хотын шүүх өчигдөр /2019.01.22/ талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлийнхний хүсэлтээр 31 настай Б.Энхжинг шүүх ажиллагааны үеэр орчуулагчаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

Б.Энхжин нь Малайз улсад амьдардаг, нягтлан бодогч мэргэжилтэй, санхүүгийн баримт бичиг орчуулж байснаас гадна орчуулагчийн албан ёсны үнэмлэхгүй хэмээн хэргийн холбогдогч Абдул Разак Багиндагийн өмгөөлөгч шүүмжилж байсан юм. Мөн түүнийг Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэнтэй ойр байсан, өчигдөр хэргийн гэрчүүдтэй хоёр цагийн турш уулзалт хийсэн зэрэг нь маргаан дагуулж байв. Харин өчигдөр /2019.01.22/ Ша Алам хотын дээд шүүх Ш.Алтантуяагийн хэргийн орчуулагчаар Б.Энхжинг албан ёсоор батламжилсан байна.

Талийгаач Ш.Алтантуяа нь 13 жилийн өмнө буюу 2006 онд амь насаа алдсан бөгөөд 2007 онд түүний аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хүү М.Мөнгөншагай, М.Алтаншагай нар нь цагдаагийн албан хаагч байсан Азила Хадри, Сирул Азар Омар, Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газрын эсрэг зарга үүсгэж байсан. Харин талийгаачийн бага хүү М.Алтаншагай нь 2017 онд, 15 настайдаа нас барсан тул хэргийн давж заалдагчаар шүүх хуралд оролцох боломжгүй болжээ.

Өнөөдрийн шүүх хуралд С.Шаарийбуу, М.Мөнгөншагай нар давж заалдагчаар оролцож, Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Бангкок дахь Монголын ЭСЯ-ны консулын ажилтан Г.Бямбасүрэн нар шүүх хурлын явцыг ажиглах бол Б.Энхжин орчуулагчаар ажиллах юм. Энэ удаагийн шүүх хурлын  явц нэгдүгээр сарын 31-ыг хүртэл үргэлжлэх аж.

Харин шүүгдэгчээр Абдул Разак Багинда, цагдаагийн ажилтан асан Сирул Азар Омар, Азила Хадри нар дуудагдсан. Талийгаачийн гэр бүл тэднээс  24.1 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байгаа.

Монголын Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг “12 жилийн турш Монголын хүний эрхийн комисс талийгаачийн ар гэрийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Малайзын шүүх систем хэргийг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. Хүний амь бол юугаар ч үнэлшгүй зүйл. Малайзын шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг дэлхий даяараа харах болно ” хэмээн хэлжээ.

Хэргийг эргэн сануулбал, Ш.Алтантуяа нь Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байгаад 2006 онд амиа алдсан. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь мафийн бүлгийн эгнээнд багтдаг, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Харин 2016 онд Малайзын шүүхээс цаазын ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байжээ.  Хэргийн жинхэнэ захиалагч хэмээн талийгаачийн ар гэрийнхний үзэж буй Багиндаг хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан гэх шалтгаанаар сулласан байдаг.

 

Эх сурвалж: Themalaysiainsight.com, malaymail.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж