Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар 15.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 37 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Цагдаагийн ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 50-иас дээш хувьтай байна.
Мөн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн хоёр, Засгийн газрын гишүүн хоёр, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нэг, агентлагийн дарга нэг, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд ес, бусад долоо, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 7,5 хувьтай байна.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.
Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР