Нийлэг болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Нийлэг болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийлэг болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд нийлэг тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өнөөдөр /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хэлэлцээд 05 дугаар тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолоор аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ахуйн хэрэглээний хуванцар савыг олон улсын ангиллын дагуу кодлох, зориулалтаар ялган бүртгэх, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, холбогдох хяналтыг сайжруулах,  хүнсний сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах, хорт бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж туршин нэвтрүүлэх, ундны ус, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шингэн хүнс савлах савны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалттай хуванцар савны үндэсний стандартыг боловсруулах, хавдар, өвчлөл үүсгэгч бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулж  мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг тодорхой болгох Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглож байгаа юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох яам, газрын дарга, удирдлагууд эхлээд даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очив.

Төвийн захирал З.Болдсайхан танилцуулгадаа “Гол захиалга төрийн байгууллагуудаас ирдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автомат үйл ажиллагаанд шилжүүлж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр Сургалт үйлдвэрлэлийн төвийн хэмжээнд 200 хүнийг ажлын байраар хангах боломж байна. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв. Харин оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлагдсанаар даавуун уутны зах зээл тэлж, захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг” гэлээ.

Дараа нь цаасан уут, хайрцаг, хүнсний зориулалттай нийлэг уут, супер  маркет, зах, дэлгүүрээр 100 төгрөгөөр худалддаг бариултай нийлэг тор зэргийг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйлдвэрүүдээр орж танилцсан.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 05 дугаар тогтоолд заасны дагуу дахин ашиглах зориулалттай хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Эко төлбөрийн тухай хууль боловсруулж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ганц удаа ашигладаг нийлэг уут сонгох уу, угааж цэвэрлээд дахин ашигладаг даавуун тор авах уу гэдэг сонголтыг ард иргэдэд үлдээж, байгаль орчин, эрүүл мэнддээ анхаарал тавих зохицуулалтыг төр хийх зайлшгүй шаардлагатай болсон хэмээв.

Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолд  химийн хорт бодисыг үлдэгдэлгүй устгах,  аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгасан. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа талаар  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа танилцуулахдаа, Газрын тухай хуулийн дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар гурван байршилд уг байгууламжийг барих санал оруулсан ч  хурлаас суурьшлын бүс болон ундны усны эх  үүсвэр, салхин дээр байрласан зэрэг үндэслэлээр боломжгүй гэж үзсэн учир эцсийн байдлаар дахин байршил судалж, Тэргүүлэгчдийн хурлаар оруулан шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ. Тэрбээр сар шинийн баярын дараа гэхэд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны 05 дугаар тогтоол болон Засгийн газрын тогтоолын биелэлт, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үйлдвэрлэгчдэд өгсөн. Mөн тогтоолын биелэлтийг хангаж, цаашид шат дараатай арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж