Номинчууд бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж заримдаа биднээс ч илүү их хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраан ажил, амьдралдаа амжилттай яваа ажилчдынхаа тухай бичлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй биш, биднээс багахан л ялгаатай. Энэхүү нийтлэлийг бичихдээ агуу сэтгэл зүрхийг мэдэрч жирийн биш хүсэл тэмүүллийг олж харсан билээ.
Бусдад сайн сайхныг хүсч явбал амьдрал өөрөө сайхан болдог.
– Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
– Намайг Өлзий-Орших овогтой Амарзаяа гэдэг. 1971 оны 10 сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн. Би 29 дүгээр тусгай сургуулийг 1990 онд төгссөн. Дараа нь Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 2010 онд Соёл Тэргүүний Ажилтан цол тэмдэг, 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж байсан.
– Номинд ажилд орсон түүхээсээ бидэнтэй хуваалцана уу? Таны ажлын сайхан тал юу вэ?
– Анх анкет бөглөхөөр ирэхдээ ээжтэйгээ ирж байсан. 2012 оны 7 сарын 15-нд Номин Фейшн салбарын бараа бэлтгэгчээр ажилд орсон дараа нь 2014 онд Терранова брэндийн агуулахын бэлтгэгчээр орж одоог хүртэл тасралтгүй 7 жил ажиллаж байна. Би ажилдаа дуртай сайхан хамт олонтой мөн тэд нартаа маш их баярлаж явдаг.
– Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
– Би бүжиглэх дуртай. Бүжгийн аяыг чанга тавьж хөгжмийн хэмнэлийг мэдэрч мөн дотроо нэгээс найм хүртэл тоолж хөдөлгөөнөө цээжлэн бүжиглэдэг. Тэгээд бүжигт дуртай болохоор сурахад хүнд хэцүү байсан ч хүн урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үргэлж хичээдэг шиг би ч мөн олон дахин оролдсоны хүчинд бүжиглэж сурсан. Гэр бүл, аав, ээж, авьяаслаг охиноосоо урам авдаг. Манай агуулахын нярав Номинжаргал дохиогоор маш сайн ойлгож, надтай их ойр дотно байдагт их баярладаг.
– Та өөрийн гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
– Би нэг охинтой. Охин Нармандал маань 22 настай. СУИС-ийн бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо бүжгийн урлагийн магистрант энэ хавар төгсөнө.
– Таны бахархал юу вэ?
– Охин маань багаасаа л урлагт дуртай хайртай байсан. Одоо урлагийн хүн болох гэж хичээж байгаад нь би маш их баяртай байдаг. Охиноороо үргэлж бахархаж явдаг.
– Таны ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ?
– Монголын дүлий иргэдийн соёл урлагийн холбоо нь Монголын хараагүй дүлий иргэдийн нийгэмлэгийн дэргэдэх Судалбар бүжгийн хамтлагийн гишүүн. Манай хамтлагийн 35 жилийн ойн баяраа 2021 онд тэмдэглэнэ. Би баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллах зорилготой байгаа. Манай хамтлаг нь сонсголгүй иргэдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх, уран бүтээл туурвих, нийгмийн амьдралд тэгш оролцуулах, амьдралд итгэх итгэлийг нь төрүүлэхийн тулд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Би охиноо бага байхаас нь бүжигчин болгохыг мөрөөддөг байсан мөрөөдөл маань бага багаар биелж л явна даа.
– Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
– Бусдад сайн сайхныг хүсч явбал амьдрал өөрөө сайхан болноо гэж ээж минь үргэлж захидаг байсан. Энэ захиасыг мартахгүй үргэлж л биелүүлэхийг хичээж явна.
– Та хамт олондоо талархаж явдаг хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү?
– Энэ долоон жилийн хугацаанд надтай цуг намайг дэмжиж ажилласан Номин Холдинг ХХК-ийн хамт олондоо маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Баяртай, гунигтай, аз жаргалтай мөч бүрийг хуваалцдаг ажилтан бүрээ нэг гэр бүл шиг хүндэтгэн харьцдаг сайхан хамт олноороо үргэлж бахархаж явдаг юм шүү. Сайн сайхан зүйлсэд урамшуулж үргэлж урагш алхах итгэл, хүч өгдөгт баярлаж явдаг шүү. Баярлалаа та бүхэндээ.
– Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
– Намайг Дугарын Цэнд-Аюуш гэдэг. 1991 онд гурван хүүхэдтэй айлын дунд хөвүүн болон мэндэлсэн. 1998 онд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод шилжин ирж 29-р тусгай сургуулийг суралцаж төгссөн.
– Номинд ажилд орсон түүхээсээ бидэнтэй хуваалцана уу? Таны ажлын сайхан тал юу вэ?
– 2011 оны намар ээжтэйгээ Номинд ирж анкет бөглөж, удахгүй ажилд орж миний ажил амьдралын гараа эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ажилдаа сэтгэл хангалуун ажиллаж хөдөлмөрлөж явна.
– Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
– Эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ хандаж, хийж бүтээснээ эргэн харахад сайхан байдаг. Бусдаасаа урам авч хийж бүтээх их тэмүүлэлтэй явдаг.
– Та өөрийн гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
– Манай аавыг Дугар, ээжийг Гантуяа гэдэг. Бүгд л өмнийн цэнхэр говь нутагт төрж өссөн хүмүүс. Эгч дүү хоёр маань хувиараа бизнес эрхэлж эх орон, ээж аавдаа тус нэмэр болж явдаг.
– Таны бахархал юу вэ?
– Бусдын адил хөдөлмөр эрхэлж, хийж бүтээсэн ажлынхаа цалин мөнгийг авч гэр бүлийнхэндээ тус нэмэр болж яваадаа хамгийн ихээр бахархаж явдаг.
– Таны ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ?
– Эрхэлж байгаа ажилдаа амжилт гаргаж байгууллага хамт олныхоо тэргүүний залуучуудын нэг болохыг мөрөөдөж явдаг. Гэр бүлийнхэндээ илүү их тус нэмэр болж сайн сайхан амьдрахыг хүсэн мөрөөдөж, хөдөлмөрлөж явна.
– Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
– Аав ээжийнхээ зааж зөвлөснийг л ажил амьдралдаа хэрэгжүүлж явдаг. Бусдыг хүндэлж зөв сайхан амьдрахыг л эрхэм болгож явна даа
– Та хамт олондоо талархаж явдаг хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү?
– 2011 оноос өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж яваа хамт олондоо баярлаж бас тэднээр бахархаж явдаг. Та бүхнийхээ дэмжлэг туслалцаатай өнөөдрийг хүртэл сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж явна. Хамт олондоо баярлалаа.
Холбоотой мэдээ