Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2019.01.22/ Москва хотноо боллоо. Уулзалтын үеэр талууд дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш өнөөг хүртэл байгуулаагүй энхийн гэрээний асуудлыг хэлэлцэв.
ОХУ, Япон хоёр газар нутгийн маргаантай асуудлаас болоод дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй юм. Гэхдээ өнгөрсөн жил болсон В.Путин, Шинзо Абэ нарын дээд хэмжээний уулзалтын үеэр 1956 оны “Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглал”-ын үндсэн дээр энхийн гэрээ байгуулах хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон билээ.
Гэвч өчигдрийн уулзалтын үеэр В.Путин, Шинзо Абэ нар хэн хэнийх нь эрх ашигт нийцсэн энхийн гэрээ байгуулахад цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай байгаа гэдэгт санал нэгджээ. Товчхондоо Москва хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд талууд газар нутгийн маргаантай асуудлаа шийдвэрлэж, энхийн гэрээ байгуулж чадсангүй.
ГАЗАР НУТГИЙН МАРГААН
Курилын олтригийн урд хэсгийн дөрвөн арлыг ОХУ эзэмшин, албан ёсоор “Курилын арлууд” хэмээн нэрлэсээр ирсэн билээ. Харин Япон улс арлуудыг газар нутгийнх нь салшгүй хэсэг хэмээн үзэж, дэлхийн хоёрдугаар дайны дараа ОХУ-ыг тус дөрвөн арлыг хууль бусаар өөрийн болгосон гэж үздэг. Япон улс тус арлуудыг “Хойд газар” хэмээн албан ёсоор нэрлэдэг байна. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахын алдад ЗХУ тус дөрвөн арлыг эзлэн авсан нь маргаан дагуулж, дайн дууссаны дараа ч талууд өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй юм.
Маргаантай газар нутаг болох Курилын олтригийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэх дөрвөн арал нь Японы Хоккайдо арлын хойд хэсэгт оршдог.
ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ
1956 оны “Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглал”-ын есдүгээр зүйлд “ Япон улсын ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр тус улсын хүсэл эрмэлзлийг ойлгож, ЗСБНХУ-ын зүгээс Хабомаи, Шикотан арлуудыг Японд шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ ЗХУ болон Япон улсын хооронд Энхийн гэрээ байгуулсны дараа эдгээр арлыг Японд шилжүүлэн өгнө” хэмээн заасан байдаг аж.
Японы талаас энэ заалтад үндэслэн юуны өмнө тус хоёр арлыг эргүүлэн авсныхаа дараа энхийн гэрээ байгуулна гэдэг бол ОХУ өөр байр суурьтай байгаа юм. Тухайлбал, маргаантай дөрвөн арал нь ОХУ-ын албан ёсны эзэмшил гэдгийг олон улсын баримт бичгүүдэд албан ёсоор заасан, арлууд ОХУ-ын эзэмшлийнх болсон нь дэлхийн хоёрдугаар дайны маргахын аргагүй үр дагавар гэж үздэг аж.
Энэ сард болсон Япон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Сергей Лавров “Япон улс 1956 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр НҮБ-д элсэхдээ НҮБ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус дүрэмд болон Сан-Францискогийн гэрээнд зааснаар дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг дахин авч үзэх, хэлэлцэн дүгнэх шаардлагагүй хэмээн бичсэн байдаг. Эдгээр хоёр олон улсын гэрээнд Курилын арлууд ОХУ-ын эзэмшлийнх гэдгийг тодорхой тусгасан” гэжээ.
Харин Шинзо Абэ маргаантай дөрвөн арлуудын хоёр нь буюу Хабомаи, Шикотанд хүн амьдардаггүй учир Японы талд шилжүүлэн өгөхөд асуудалгүй гэдэг. Тэрбээр Даваа гаригт /2019.01.21/ В.Путинтэй уулзахаас өмнө сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Тус хоёр арлыг Японы талд шилжүүлэн өгвөл энхийн гэрээ байгуулахад бэлэн” хэмээн онцолсон.
ӨМНӨХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР
Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй олон улсын маргаантай асуудлын нэг болох ОХУ, Японы газар нутгийн маргаан болон энхийн гэрээ байгуулах асуудал дээр талууд өнгөрсөн онд тодорхой ахиц дэвшил гаргаж байв.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өмнө нь 2018 оны арваннэгдүгээр сард Сингапурт уулзахдаа 1956 онд байгуулсан хамтарсан тунхаглалдаа тулгуурлан энхийн гэрээ байгуулах асуудлыг түргэвчлэхээр тохиролцсон.
Гэвч хоёр арлыг Японы талд шилжүүлэн өгөх боломжийг Оросын удирдлагууд төдийгүй ард түмэн нь эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, өчигдөр дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Москва дахь Японы ЭСЯ-ны гадаа арлуудыг өгөхийг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Эмх замбараагүй байдал үүссэний улмаас дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн 11 хүнийг баривчилсан аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Курил, Сахалины оршин суугчид ч бас эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Жагсагчид “Бид арлуудаа зарахгүй” хэмээх уриа лоозон барьсан байв.
МОСКВАГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮР ДҮН
ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр болсон дээд хэмжээний уулзалт нь гурван цаг орчим үргэлжилсний дараа хоёр орны удирдагчид сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн байна.
В.ПУТИН: Хэн хэнийхээ эрх ашгийг хөндөхгүй, ард түмний дургүйцлийг хүргэхгүй шийдвэр гаргахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Бид эхлээд хоёр улсын ард түмнийг илүү ойртуулах, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар харилцан ойлголцсоныхоо дараа энхийн гэрээ байгуулна гэдэгт санал нэгдлээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр Японы компаниудыг ОХУ-ын дэд бүтцийн салбарын төслүүдэд хөрөнгө оруулахыг уриалсан юм.
ШИНЗО АБЭ: Удирдагчид ард түмний хүсэл сонирхлоос гадуур гэрээ байгуулах нь зохисгүй. Бидний гол зорилго бол урт хугацаандаа хоёр улсын харилцааг бүх талаар хөгжүүлж, нягт хамран ажилласны үндсэн дээр хоёр улсын ард иргэдийн дунд нөхөрлөл, харилцан итгэлцлийг хөгжүүлэх юм. Газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай ч бид үүнийг заавал хийх болно.
Энхийн хэлэлцээрийг хийх цорын ганц урьдач нөхцөл бол дөрвөн арал ОХУ-ын эзэмшлийнх гэдгийг Японы тал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн Москва удаа дараа анхааруулаад байгаа. Харин Японы хэвлэл мэдээллээр 1956 оны заасны дагуу хоёр арлаа авах нь зүйтэй хэмээн байнга бичдэг байна. Талууд ийнхүү энхийн гэрээ байгуулах асуудал дээр ялгаатай байр суурь баримталж байгаа тул юун түрүүнд эдийн засаг, соёлын харилцаагаа гүнзгийрүүлэх замаар итгэлцлийг бий болгон, дараа нь энхийн гэрээ байгуулахаар болсон нь уулзалтын гол үр дүн байлаа.
Сүүлийн хагас жилд Ш.Абэ, В.Путин нар дөрөв дэх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Тэд ирэх зургадугаар сард Осакад болон ИХ20-ын чуулганы үеэр дахин уулзахаар тохирсон бол Гадаад хэргийн сайд нар нь ирэх сард Герман улсад зохион байгуулагдах олон улсын аюулгүй байдлын бага хурлын үеэр уулзаж, дахин ярилцахаар болсон байна.
Эх сурвалж: Вашингтон Пост, NHK
Холбоотой мэдээ