АТГ-д шалгагдаж буй дуулиант хэргүүд хаана гацав

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

АТГ-д шалгагдаж буй дуулиант хэргүүд хаана гацав

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, цагдан хоригдож буй нэр бүхий албан тушаалтнуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.


Д.ДОРЛИГЖАВЫГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭВ 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар  цагдан хорьсон. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр  түүний гэрт нь нэгжлэг хийж, яллагчдагчаар татсан. Дараа нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид 30 хоног цагдан хорьсон. Тэд өдгөө хорих ангид 18 хонож буй.

Хэргийг сануулахад,  Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм.

Дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг албаар андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийсэн билээ.

Өнгөрөгч долоо хоногт Д.Дорлигжавын өмгөөлөгчид хэвлэлийн хурал хийж түүнийг гэм буруугүй хэмээн тайлбарласан. Түүний өмгөөлөгч Э.Амархүү “Т.Ганболд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо олон нийтэд хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл хүргэсэн. Т.Ганболд тус нэвтрүүлгийн үеэр зузаан материал дундаас ганцхан хуудас материалыг татан авч тэр гэрээг бараг бүхэлд нь тайлбарласан. Тэгвэл энэ нь нилээд болчимгүй явдал гэж харж байна. Хэрэв олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой байсан бол хэвлэл мэдээллийг ашиглахгүй байсан байх. Манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав нарын хэн нь шударга үнэний төлөө бодит үнэнийг мэдээлж байгааг телевизийн нэвтрүүлгүүдийн үеэр дэлгэсэн баримтуудаас харж болно” гэж тайлбарлаж байжээ.

Д.Дорлигжавын хэрэг үүгээр зогссонгүй АТГ-аас "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж, байцаалт авч дууссаныхаа дараа буюу орой нь цагдан хорьжээ.

Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд дөрвөн сая ам.доллар нь "Голомт" банкаар дамжсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс АТГ тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг дуудаж байцаалт авч, цагдан хориод байна.

Ч.ДАВААНЯМЫГ ЭХНЭРИЙНХ НЬ ХАМТ БАЙЦААЖЭЭ

Авлигатай тэмцэх газраас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг өчигдөр /2019.01.21/хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон.  Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан бизнесмен юм. Түүнийг оффшор бүсэд 4.3 сая ам. долларыг байршуулсан асуудлаар нь цагдан хорьжээ. Хорихын өмнө уржигдар АТГ-аас эхнэрийх нь хамт дуудаж, байцаалт авсан бөгөөд компанийх нь байранд нэгжлэг хийсэн байдаг.

Сануулахад, Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улсын ерөнхий прокурорын 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулах тухай” тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр  оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсны дагуу Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.

 

С.БАЯРЦОГТТОЙ ХОЛБООТОЙ НОТЛОХ БАРИМТ  ИЛЭРЧЭЭ 

Сангийн сайд асан С.Баярцогтыг нийслэлийн Прокурорын газраас яллагдагчаар цагдан хорих санал гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Түүнийг “Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу олны дунд “Дубайн гэрээ” гэх тодотголтой болсон гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байх магадлалтай хэмээн яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгаж байсан билээ. Ингэхдээ батлан даалтад гаргаж, хилээр гарахыг хориглосон байсан юм.

Харин энэ удаад С.Баярцогтод холбогдох хэрэгт гадаадын мөрдөн шалгах байгууллагатай хамтран явуулж буй ажиллагааны явцад баримт ирсэнтэй холбоотойгоор саатуулан шалгах зайлшгүй шаардлагатай болсон гэх мэдээлэл байна.

"ЖАСТ"-ИЙН Ш.БАТХҮҮ БАТЛАН ДААЛТАД БАЙНА

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний ам. долларын зээл авсан хэрэгт олон хүнийг холбогдуулан шалгаад олон жил болжээ. Долоон жилийн хугацаанд шалгагдаж байгаа энэ хэргийн хамгийн гол буруутан нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү юм. Түүний хамсаатан болон таван хүнийг хууль хяналтын байгууллагаас цагдан хорьж шалгаж байсан.

Өнгөрөгч оны  арваннэгдүгээр сард түүнийг цагдан хорих хугацаа дууссан байсан бөгөөд шүүхээс хугацааг нь дахин сунгажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр  сарын 01-ний өдөр хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн аж.

Одоогоор тэрбээр батлан даалтад байгаа юм.

Хуулийнхан эдийн засгийн гэмт хэрэг болохоор их цаг хугацаа орж байгаа гэж тайлбарладаг. Үүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж дууссан. Ойрын хугацаанд шүүхэд шилжүүлнэ” тайлбарыг өгсөн юм.

500 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ЗАХИРАЛ СУЛЛАГДЖЭЭ

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан. Тэрбээр бусдаас 500 сая төгрөгийн хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Түүнийг нэг сар хорьсон бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан. Одоогоор хэрэг нь шүүхэд ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ. Дашрамд, Д.Бямба-Очир нь 2016 оны есдүгээр сарын 21-нд “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж