“Амаа том ангайдаг загаст өөрийн гэсэн тархи хэрэггүй” гэдэг шиг сонгогдсонд нь харамсч халагламаар гишүүний тоо улам олширчээ. УИХ-ын чуулганы хуралдаан бүр улам муухай болоод байна. Үүнд цөөн хүн баярлаж олон хүн гашуудаж байна. УИХ-ын дарга нь “Эхнэр бид хоёрыг буудах нь л дээ” гэх юм. УИХ-ын гишүүн нь “Миний нэг ах танай намд байгаа, битгий алчхаарай” гэх. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр С.Баярын хүмүүс МАН-ын байрыг шатаасныг Тагнуулын байгууллага шалгаж тогтоосон гэж байна. Гоё байна гэж үү. Энэ бидний хүсээд байсан төр мөн үү?
Төрийн сонгуульдаа оролцож саналаа өгчхөөд амар тайван амьдрах гэсэн болохоос циркийн сургуультай амьтнаас дор адгууслаг зэрлэг балмадуудад төрийн эрх мэдлийг өгчхөөд “Маргааш яах бол” гэж түгшиж суух гээгүй юм.
Хууль хэрэггүй гэх гишүүн олширлоо. Монгол Улсын хууль тогтоомжууд хэнд үйлчилдэг вэ. Хууль тогтоогчид хуулийг үгүйсгэж байна. “Монголд хууль хэрэггүй” гэдэг хүн төрөлхтний хамгийн аймшигт үгийг Монгол Улсын хууль тогтоогчдын амнаас чуулганы танхимд сонслоо. Сонгогчид гутаан доромжилж буй тэд Ардчилсан Парламентат улсын Ардчилсан парламентын гишүүн.
Ж.Батзандан бол Ардчиллын буянд жагсч, ард түмний нэрийг барьж эрх чөлөөндөө эрдэж цадаж явсаар төрийн толгойд гарсан “харх” юм. Түүнд улс төр “тоглоом” байх. Магадгүй түүнд ашиггүй байх тусмаа улам сонирхолтой болдог, түүнд нь улайрч өөрийгөө ирлэдэг сул дорой нэгэн ч байж мэднэ. Тэр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Унгарын Мищкольцийн их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн гэж намтартаа бичүүлсэн байдаг. Харин хааяа ч гэсэн сонгогчдоо хүндлэх ёстой гэж хэн ч түүнд зөвлөж байгаагүй бололтой. Ядаж итгэж сонгосон сонгогчдоо, Монгол төрөө дээдэлдэг уламжлалыг биш Баруун Европын улс төрийн аль шаар шавхрууг нь судалжээ гэмээр санагдана.
Гэтэл тэр өөрөө хуулиар хамгаалагдсан, хууль тогтоогч. “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй байдаг юм шүү дээ” гэх түүний цэцэрхэл “сургаал” нь “Тэгвэл хууль тогтоогчдоор яах юм бэ”, “Яах гэж хууль тогтоох байгууллагад орж ажиллахын төлөө өөрийнх нь хэлдгээр амиа золин байж тэмцэлдэв” гэх төгсөшгүй олон асуултыг дагуулав. Тэр хэлсэн бүхнийхээ золиос болох магадлал өндөр харагддаг ч монголчуудын мартамхай чанар “өршөөдөг”. “УИХ-ын даргаа өрөөнөөс нь чирч гаргана” гэсэн түүнээс сонгогчид “чирч гаргахыг” нь биш ингэж хэлсэн хууль тогтоогчийг яах бол гэж харж байв. Гэтэл хуулийн төсөл батлахад хүрч, хуулийн л замаар “чирч гаргаж” болохыг дөнгөж ойлгож эхэлмэгцээ УИХ-ын даргын гэр бүлээр оролдож нүдний булай болох нь тэр.
Зүй нь түүх, хууль, эрх, эрх чөлөө ярьдаг энэ эрхэм “Их засаг” их сургуульд хоёр жил хичээл заахдаа арай оюутнуудад ингээд хэлчихсэн юм биш биз. Тэр “Хууль хэрэггүй” гэдэг үгийнхээ төлөө Ардчилсан парламентын үйл ажиллагаанд оролцохоос өөрөө татгалзах, эсвээс Монголын мянга мянган сонгогчдоо уучлал гуйж байж бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 5500 орчим хуульч, 2500 өмгөөлөгч байдаг гэж өмгөөлөгч Б. Мэргэн саяхан хэвлэлд ярьсан байна. Дээр нь энэ тоонд багтаагүй болон эрх зүйчид, сайн дурын хуулийн зөвлөхөөр ажиллагсдыг нэмбэл тэр олон хуульчаар яах гэж байгаа юм. Хэнд хууль сахиулах гэж хуульч, өмгөөлөгчид ажиллаад хэдэн хүнээр мөрдүүлэхээр хэчнээн хууль батлав. Тэр хуульчдаас хамгийн мундаг нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-д шигшигдэж сонгогдсон байлгүй дээ.
“Хууль хэрэггүй” гэдэг хууль тогтоогчтой, баталсан хуулийг дахиад засчихдаг Хууль зүйн сайдтай, ОУОХ-ны хартиг дагахгүй ч байсан яадаг юм бэ, Арабын орнууд дагадаггүй шүү дээ гэх МҮОХ-той, ОУПХ-ны дүрмийг сөрж Парламентын тэргүүнээ огцруулахаар завдаж, бүтэхгүйг нь учирлаад, бараг өөрөө замыг нь заагаад өгөхөөр гялалзтал шинэ хууль зохиогоод түүнийгээ батлахаар тэсэн ядан хүлээж суугаа УИХ-тай харамсал эмгэнэлээр дүүрэн Хуульгүй Монгол биднийг хүлээж байна.
Төгсгөлд нь “Сайн төрийн дээр хууль ноёлж байг” гэдэг ерөөлийг уламжилъя. Энэ даруухан хэрнээ хийгүй алдарт ерөөлийг хуулийн дээр ноёлсон “Сайн улстөрч”, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд онцлон сануулъя.
Ц.ОРХОН