Ж.Дэлгэрсайхан: Монголд улс төр, сэтгэлгээний хямрал бий болсон

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Ж.Дэлгэрсайхан: Монголд улс төр, сэтгэлгээний хямрал бий болсон

Ж.Дэлгэрсайхан: Монголд улс төр, сэтгэлгээний хямрал бий болсон

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та ирэх онд манай улсын макро эдийн засгийн төлөвийг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн харж байгаа вэ. Биднийг эдийн засгийн ямар орчин хүлээж байна вэ?

-2019 оны эдийн засгийн төлөв байдлыг  харьцангуй өөдрөг харж байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт саарахгүйгээр хадгалагдах төлөвтэй. Эдийн засгийн төлөв байдал сүүлийн найман улирал дараалан өсөлттэй гарлаа.  Дэлхийн эдийн засгийн гол  төлөв байдлыг илэрхийлэгч АНУ, Хятадын эдийн засгийн нөхцөл байдал өсөлттэй байна. ОУВС болон бусад байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувиас дээш байхаар тооцоолж байна. Энэ хэрээр манай улсын гадаад зах зээлийн хувьд таагүй нөлөөлөл  харьцангуй бага байх болов уу.

Бид дотоод үл ойлголцлын асуудлаа шийдэж Засгийн газрын зүгээс аль болох томоохон төсөл хөтөлбөрүүдээ  хөдөлгөж нааштай шийдвэрүүд гаргаж чадвал эдийн засгийн хувьд  2019 он таатай жил байх болно.

Хэрэв олон улсын зах зээл дээр нүүрс болон зэсийн үнэ өсвөл Монголын эдийн засаг өсдөг. Эсрэгээрээ нүүрс болон зэсийн үнэ буурвал манай эдийн засаг мууддаг. Энэ удаагийн эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ. Нүүрсний экспортоос гадна ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” эдийн засагт эерэг үр дүн авчирсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь гадаадын зах зээл дахь эрдэс бүтээгдэхүүний үнэ, энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж үнэ нь өссөнтэй  холбоотой. Уул уурхайн шууд болон дам нөлөөллөөс бид илүү их өсөлтийг хүртэв үү дээ гэж олж харж байна. Хоёрдугаарт, ОУВС-т хөтөлбөрт хамрагдсанаар бид олон давуу талыг олж авсан. Хамгийн чухал ололт нь санхүүгийн томоохон хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэсэн. Ялангуяа санхүү талдаа буюу банк санхүүгийн зах зээл дахь эрхзүйн орчинд илүүтэй эерэг нөлөө үзүүлсэн. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн сахилга бат харьцангуй сайжирсан. Сүүлийн хоёр жил төсвийн өндөр алдагдлыг бууруулж төсөвт тодотгол хийгээгүй нь эерэг үр дүнгийн үзүүлэлт.

-2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарч, төсвийн орлого хоёр их наядаар давж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай  таатай мэдээллийг Сангийн сайд 2018 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулах үеэр онцолсон. Эдийн засгийн өсөлт цаасан дээр л байна амьдралд мэдрэгдэх юм алга. Танд ч гэсэн мэдрэгдэж байгаа болов уу?

-Санал нийлж байна. Эдийн засгийн өсөлт найман улирал дараалан өндөр гарч, өрхийн орлого нэрлэсэн дүнгээрээ хямралын өмнөх түвшингээс давчихсан, дундаж цалин нэмэгдэж өрхийн орлого өссөн зэрэг статистик мэдээллүүд бий. Таны хэлсэнчлэн, эдийн засгийн өсөлт нийт иргэдэд хүртээмжгүй байгаа нь үнэн. Шулуухан хэлэхэд, уул уурхайн салбараас хэт хамааралтай болсноос хойших жилүүдэд Монгол Улсад баялгийн тэгш шударга хуваарилалт, эдийн засгийн өсөлтийг  нийт иргэдэд жигд хүртээдэг  тогтолцоог бүрдүүлж чадаагүй  учраас өнөөдөр эдийн засгийн өсөлт өрх бүрт мэдрэгдэхгүй байгаа юм. Хоёр дахь үндсэн шалтгаан нь 2016 оны гуравдугаар улирлын үед эдийн засгийн нөхцөл байдал маш сул байсан. Дефляцид хүрсэн. Харин сүүлийн найман сар дараалан  өндөр түвшинд буюу 4-6.7 хувийн өсөлттэй гарч байгаа ч нийт иргэдэд хүрэхэд  цаг  хугацаа нь хараахан болоогүй. Эдийн засгийн өсөлт эхлээд уул уурхай, үйлчилгээ, тээврийн салбаруудад хүчтэй нөлөөлж байна. Цалин нэмэгдэж орлогын өсөлт ажиглагдаж байгаа. 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн нийт өрхөд эзлэх хувь хэмжээ нь өсч байна. Бага орлоготой өрхүүдийн тоо тодорхой хэмжээгээр буурсан.

Энэ бүхнээс дүгнэвэл эдийн засгийн өсөлт нийгмийн тодорхой хэсэгт хүрч байна гэсэн үг.  Харин хамгийн бага орлоготой нийгмийн эмзэг хэсэгт халамжаар дамжин хүрч байгаа ч төдийлөн мэдрэгдэхгүй. Мөн дээр хэлсэнчлэн, баялгийн тэгш хуваарилалтгүй, тогтвортой тогтмол ажлын байрыг бий болгож чадаагүйг төрийн  тогтолцооны гажуудалтай холбон тайлбарлана.

-Улс төрийн бодлогогүй үйл ажиллагаа эдийн засгийн хямралыг бий болгож байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Бид улс төрийн, эдийн засгийн тогтолцооны гажуудалд орчихсон. Өөрөөр хэлбэл, том зураглалаар нь харвал системийн гажуудалд орсных. Энэ нь төрийн дээд түвшиндээ их хэмжээний хээл хахууль, авилгаар илэрч  эргээд нийгэмдээ  хор хохирол учруулж байна. Цаашид энэ бүхнээ сайжруулъя гэвэл  өнөөгийн байгаа үнэн дүр төрхөө бодитойгоор нь олж харахаас эхэлнэ. Товчхондоо манайд эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй улс төрийн хямрал, сэтгэлгээний гажуудал бий болчхоод байна.

-Ам.долларын төгрөгтэй харь­цах ханш чангарч  нэг ам.доллар 2648 төгрөгтэй тэнцлээ. Долларын өсөлтийг Монголбанкны зүгээс "Дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар  ханш өсч байна гэдэг тайлбарыг хийдэг. Харин Сангийн яамны зүгээс  ам.долларын өсөлтөд санаа зовж байгаа зүйл алга. Сангийн сайд нь “Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу" гэдгээс өөр хариулт хэлдэггүй. Ер нь ам.долларын өсөлтөд гадаад, дотоодын хүчин зүйлийн аль нь илүүтэй нөлөөлж байна вэ?

-Валютын ханшийг хэн хариуцах уу гэдгээ  хамгийн эхэнд тодорхой болгох ёстой. Улстөрчид нь Монголбанк руугаа, Монголбанк нь Сангийн яам руугаа түлхдэг эсвэл Монголбанк гадаад зах зээлээс шалтаг шалтгаан хайдаг ийм тогтолцоо байж болохгүй. Миний хувьд харьцангуй Монголбанкны талд байр суурьтай байна. Учир нь төр засгийн олон жилийн бодлогын алдаанаас валютын ханш 2013 оноос хойш суурь шалтгаантайгаар 2600-д хүрсэн. Энэ суурь шалтгааны гол буруутан нь Засгийн газар. Харин цаг зуурын богино хэлбэлзэлд Монголбанкийг буруутгах нь зүйтэй. Монголбанк Монгол Улсын валютын нөөцийг хадгалах, удирдах үүрэгтэй байгууллагын хувьд валютын ханшид оролцох ёстой. Монголбанкны тайлбарлаж байгаа шалтгаан үнэний ортой юу гэвэл ортой. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш АНУ эдийн засгаа дэмжихийн тулд бодлогын хүүгээ боломжит доод түвшинд барьсан. Энэ нь дэлхийн зах зээл дээр ам.долларын гадагшлах урсгалыг бий болгож энэ хэрээр эдийн засгаа тэтгэсэн бодлого явуулсан. Үүнээс хойш АНУ-ын эдийн засагт харьцангуй эерэг үзүүлэлтүүд бий болгосон. Ингээд 2018 оноос  олон жил хүлээлтэд байсан бодлогын хүүгээ гурван удаа дараалан 0.25 хувиар өсгөсөн. Өөрөөр хэлбэл, ам.долларын нийлүүлэлтээ хумьсан гэсэн үг. Ингэснээр дэлхийн зах зээлд ам.долларын эрэлт хэвээр байгаа учир өсөх үзэгдэл явагдана. Буцаад АНУ-д ам.доллар төвлөрөх процесс явагдсаны улмаас дэлхийн олон улсад ам.долларын ханш өссөн нь үнэн. Бусад улстай харьцуулахад манайх төдийлөн өндөр өсөлт биш ч гэлээ өнөөдөр иргэд маань тогтмол ажил орлоготой бус эмзэг, нийт иргэдийн дийлэнх нь бага, дунд орлоготой ийм үед валютын ханшийн өсөлтийг давж чадахгүй.  Иймээс валютын ханшийн өсөлтийг  бодлогын түвшинд зохицуулах нь зүйтэй.  Гэхдээ төр оролцож байна гээд хүчээр зохицуулах  зэрэг төрийн шууд оролцоог чухалчлах нь зохисгүй. Эдийн засагчдын өндөр хүлээлт тавьсан Валютын зохицуулалтын тухай хууль батлагдаж амжсангүй. Уг хуульд Засгийн газар валютын ханшийн өсөлтийг хариуцна гэж тусгасан байсныг би хувьдаа зөв гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн өсөлт, хөгжилд хамгийн чухал зүйл бол хөрөнгө оруулалт. Манай хөрөнгө оруулалтын орчин муудаж, улс төрийн нөлөөлөл нэмэгдсэн нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох, багасгах шалтгаан боллоо гэх хандлага сүүлийн үед давамгайлж байна. Та хөрөнгө оруулалтын орчинд ямар дүгнэлт өгөх вэ?

-Монголбанкны гаргасан мэдээллээс харахад хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь Оюутолгой болон бусад томоохон бүтээн байгуулалттай холбоотой. Ерөнхийд нь  бизнесийн орчны нөхцөл байдлаас  харахад уул уурхайгаас бусад салбарт 2010, 2011 оны үе шиг хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг сэргээх түвшинд очсон зүйл алга. Гэхдээ төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөлж, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг гарсан зэрэг 2016 оны нөхцөл байдалтай харьцуулахад хөрөнгө оруулалт сэргэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаатай холбоотой.

Гаднын хөрөнгө оруулагчдын гол болгоомжилдог хүчин зүйл нь улс төр, эрхзүйн орчны тогтворгүй байдал. Сүүлийн үед энэ нөхцөл байдал улам даамжирч байна. Төр засаг эв зүйгээ олоогүй цагт 2019 онд гаднаас их хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн том хүлээлт үнэндээ алга. Ялангуяа улс төрийн хувьд маш олон зүйл нь эргэлзээтэй  байдалд байна.

-Ерөнхий сайд саяхан уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын тусгай зөвшөөрлийг хураана гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдэгдэл хөрөнгө оруулагчдад хэрхэн тусах бол?

-Төрийн хувьд тусгай ажиллагаа явуулахдаа олон нийтэд учир шалтгаан болоод цаашдын үр дагавар нь ил тод байх  нь хамгийн чухал гэдгийг олж харлаа. Зөвхөн улс төрийн зорилготой,  нийгэмд оноо авах гэсэн улс төрийн ашиг хонжооны үүднээс явуулсан аливаа улстөрчдийн үйл ажиллагаа ямар ч цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх, томоохон гэрээ хэлцэлд саад болох цаашлаад улсын хөгжлөөс хойш чангаасан зэрэг сөрөг талтай. Одоогийн  үйл явцыг анхааралтай ажиглаж байна.  Ерөнхий сайдын сүүлд хэлсэн мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдыг үргээх талтай. Төр тусгай лицензүүдийг цуцлах, хурааж авах  нь зохистой шийдвэр биш. Учир нь лицензүүдийг төр өөрөө л олгосон байж таараа. Лицензийг хулгайлаад авчихна гэж байхгүй. Тийм учраас цаашид гаргах аливаа шийдвэрийнхээ үр дагаврыг урьдчилан зарласны дараа үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх  нь зүйтэй болов уу. Өнөөдрийнх шиг үйлдэл нь бодлогоосоо  урьтаж үр дагавар нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө  үзүүлж болзошгүй зүйлийг хийх нь аль болох гаднын хөрөнгө оруулалт  татахыг хүсдэг  бидний хувьд сайн зүйл биш. Салхитын  мөнгөний ордны лицензийг ямар зорилгоор, юуны төлөө цуцалсан нь одоо хүртэл нийгэмд эргэлзээтэй байна. Төр хүчээ харууллаа гэж иргэд баясахаас л цаашгүй байна.

-Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар, өр орлогын харьцаа 70 хувь байхаар баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эдийн засагч хүний хувьд энэхүү шийдвэрийг хэрхэн харж байна вэ?

-Маш зөв шийдвэр. Сүүлийн жилүүдэд иргэдийн өрийн дарамт хоёр дахин өссөн. Ипотекийн зээл, хэрэглээний зээл, цалингийн зээл гээд энэ бүхэн нийлээд өрхийн нийт орлогын 70 хувь руу тун дөхсөн. Тиймээс үүнийг барьж сааруулахын тулд Монголбанк хоёр чухал арга хэмжээг авлаа. Нэгдүгээрт хэрэглээний зээлийн хугацааг багасгалаа. Хоёрдугаарт өр, орлогын харьцаа 70 хувь байхаар баталсан  нь тун зөв шийдвэр. Эдийн засагт  халалт бий болсон энэ үед иргэдээ болон эдийн засгаа эрсдэлээс хамгаалсан алхам. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтож чанаргүй зээл  ихсэх, эдийн засагт санхүүгийн савлагаа бий болно. Манай монголчууд хэрэглээ өндөртэй хүмүүс. Эдийн засаг сэргэсэн үед  их хэмжээний зээл авах нь эргээд эрсдэлд оруулах талтай.  Эдийн засгийн халалтыг барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж тодорхой дохио сануулга өгсөн. Хэдийгээр эдийн засаг өсч байгаа ч гэсэн бүх зүйл сайхан болоогүй  шүү гэдгийг анхааруулж байна гэсэн үг.

-УИХ-ын нэр бүхий гишүүд  ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогдож энэ хэрээр сангуудын үйл ажиллагаа, зарцуулалтад хяналт  өндөр тавихыг шаардаж байна. Сангийн үйл ажиллагааг ил тод болгохын тулд ямар зохицуулалт хийх нь зохистой вэ?

-УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл.  Монгол Улс маш олон сантай. Мөнгөтэй болсноосоо хойш гээд аваад үзвэл Хүний хөгжлийн сангаас эхлээд олон сан бий. Дээр нь яамд болгон сантай. Эдгээр сангийн үйл ажиллагааг ил тод болгож үр ашигтай  зарцуулах нь маш чухал. Сангуудыг нэгдсэн байдлаар буюу Норвегийн баялгийн сан гэдэгтэй адилхан Монгол Улсын нэгдсэн баялгийн санг бүрдүүлж, шаардлагатай салбаруудаа энэ сангаараа дамжуулж эдийн засгийн механизмаар дэмждэг болгох ёстой. Энэ үүргийг гүйцэтгэх гол байгууллага нь Хөгжлийн банк. 10 гаруй жил сангийн үйл ажиллагааг амжилттай явуулаагүйн  үндэс шалтгаан нь мөн л Монголын улс төрийн нөхцөл байдалтай шууд  холбоотой.  Энэ нь намуудын төлөвшилт, улстөрчдийн ёс зүй, мэдлэг чадвараас хамааралтай. Юуны түрүүнд төрийн чадамжийн асуудлыг эргэн харах цаг болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж