Тавгийн идээний ааруул 200 мянган төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Тавгийн идээний ааруул 200 мянган төгрөгт хүрчээ

Тавгийн идээний ааруул 200 мянган төгрөгт хүрчээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Жил жилийн цагаан сарыг дөхүүлээд аймгуудаас Улаанбаатарт ирж, үзэсгэлэн худалдаа хийдэг жишиг тогтсон. Уламжлал ёсоор айраг, цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн Чулуут, Цахир, Их Тамир сумынхан “Цагаан идээний” үзэсгэлэнгээ гаргасан байна. Сүхбаатар дүүргийн нутаг Тусгаар тогтнолын талбайд энэ сарын 21-нд нээгдсэн цагаан идээний үнэ ханшийн талаар сурвалжилга бэлтгэлээ.

Үзэсгэлэн худалдаа олны хөлд дарагджээ. Иргэд үйлдвэрийн аргаар бус саалиас бэлтгэсэн эко бүтээгдэхүүнээр тавгийн идээгээ засахыг илүүд үзэж байгаа нь харагдсан. Малчид өөрсдийн бэлтгэсэн сарлагийн сүү болон тогооны өрөм, хайлмаг, тос, ааруул гэх мэт цагаан идээгээ худалдаалж, нийслэлийнхэнд сонирхуулж байна. Тогооны өрөм хэмжээ, зузаан нимгэнээсээ шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байв. Мөн тавгийн идээний гол чимэг хорхой ааруул ч бас амт чанараараа ялгагдаж, үнийн хувьд 12-16 мянган төгрөгийн хооронд байсан бол тавгийн идээний орой болох шар тос 5000 төгрөг аж.

Цагаан идээний кг бүрийн үнэ:

  • Энгийн чихэртэй ааруул 12.000-18.000
  • Хорхой ааруул 12.000-16.000
  • Сүүн ааруул 20.000-25.000
  • Чихэргүй ааруул 20.000
  • Дээжийн ааруул /Нэг тавгийн идээний ааруул/ 170.000-200.000
  • Тогооны өрөм 2500-15.000
  • Ээзгий 12.000
  • Шар тос 5000-15.000
  • Тос 15.000
  • Хайлмаг 6000-10.000
  • Бор тос 15.000
  • Сарлагийн сүү 3000
  • Аарц 3000 төгрөгийн ханштай байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулбал, хорхой ааруул 2000-4000, ээзгий 2000, дээжийн ааруул 20-50 мянган төгрөг, тогооны өрөм 1000-2000, сүүн ааруул 2000-4000, дээжийн ааруул 20-50 мянган төгрөгийн үнээр тус тус нэмэгджээ. Үүнийг малчид тээврийн зардал болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хэдийгээр шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан ч малчдад энэ нь төдийлөн мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болон бусад урсгал зардал нэмэгдсэн учраас цагаан идээнийхээ үнийг хямдруулах боломжгүй гэдгээ хэлж байсан юм.

Цахир сумын малчин Л.Ганхуяг хэлэхдээ “Үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Цагаан идээг тодорхой үнээр өсгөсөн. Үндсэн үнэ дээр нь 2000-3000 төгрөг нэмэгдүүлсэн. Өнөөдөр элсэн чихэр, гурил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, хөдөлмөрийн хөлс шингээсэн гэх зэргээр яривал олон асуудал байгаа учраас цагаан идээний үнийг хямдруулах боломжгүй. Гэхдээ бид ааруул, тос, өрөм худалдан авч буй хүмүүстээ 1000-2000 төгрөг бууруулаад үндсэн үнээр нь л худалдаалах тохиолдол ч бий. Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаа учраас иргэд аарц их худалдан авч байна. Мөн сүү маш сайн борлуулалттай байна. Цагаан сарыг угтаад хорхой ааруулыг илүү авч байгаа. Жишээ нь, идээний хорхой ааруул дууссан. Ааруул, цөцгий хольсон учраас их сайхан амттай болсон” гэлээ.

Үзэсгэлэн худалдаанд хамгийн гүйлгээтэй нь хорхой ааруул, хайлмаг, тос байгаа харагдсан. Сар шинийн тавгийн идээгээ бэлдэхээр цугласан олны дунд тогооны өрөм авч буй хүн байх ч малчид тогооны өрөм, сүү, сүүн ааруулын борлуулалт муу байна  хэмээн ярилцаж байсан юм.

Иргэдийн зүгээс Чулуут, Өндөр-Улаан сумын зарим ааруул нь гурилтай байгааг хэлэхдээ үнэтэй холбон тайлбарлаж байлаа. Тухайлбал, иргэн  Н.Оюунцэцэг “Энэ  жилийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа амт сайтай болж байна. Гэхдээ зарим нь гурил хольжээ. Ааруул нь мэдэгдэхүйц байна билээ. Цэвэр аарцаар хийсэн ааруул нь үнэтэй, хямд нь гурилтай байх юм. Сар шинэ болж байхад нэгийгээ ингэж хуурах муухай шүү дээ. Хямд, үнэтэй ялгаагүй л сайхан амттай байх ёстой” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Ганболд “Үзэсгэлэн худалдаанаас сар шинийн тавгийн цагаан идээг бэлдлээ. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулбал 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Амт чанарын хувьд шилж голох зүйл их байлаа. Хямд 12 мянган төгрөгийн ааруул нь амт чанаргүй, зарим нь гурил хольсон санагдсан. Амт чанарын хувьд сайхан ааруул нь үнэтэй юм” гэлээ. Үзэсгэлэн худалдааг сонирхож явсан ахмад настай эмээ сүүн ааруулаас амсч үзээд үнийг нь асуухад 25 мянган төгрөг гэсэн хариуг малчин өгөв. Үнийг нь сонсоод авах гэснээ болж хямд үнэтэй ааруул сураглаж, худалдан авч байлаа.

Цагаан идээний үзэсгэлэн худалдааг сонирхож буй иргэдийн хувьд ам сайтай байх ч үнэтэй бас гурил хольсон байна гэх шүүмжлэл дагуулж байв. Тухайлбал, Цахиур, Өндөр-Улаан, Чулуут  сумын зарим асарт худалдаалагдаж буй хорхой ааруулд гурил хольсон мэт амсахад зууралдаж, час хийсэн амт үгүй байв. Харин цэвэр аарц болон таргаар хийсэн ааруул амтны хувьд элт мэдэгдэхүйц аж. Аарцны час хийсэн эсгэлэн амт, таргаар бүрсэн ааруулын сүүн амт амтлах төдийд мэдэгдэж байлаа. Үүнийг малчид “Цагаан идээнд гурил холино гэсэн асуудал байхгүй, ээдмийг аарцтай холиход гурил хольсон юм шиг санагдаж байгаа байх” гэх тайлбарыг өгч, үгүйсгэж байв.

"ИРГЭД ХУДАЛДАН АВСАН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ЭРГЭЛЗВЭЛ ЛАБОРАТОРИД ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БОЛОМЖТОЙ"

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үзэсгэлэн худалдаанд оролцож буй зургаан сумын 53 иргэний сүү, цагаан идээнээс дээж авч, шинжлэхэд стандарт шаардлагад нийцсэн эерэг хариу гарсан бол зарим газарт хийсэн шалгалтаар сөрөг хариу гарчээ.  Энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч Ч.Баярсанаагаас тодруулав.

-Цагаан идээ ямар стандарт шаардлага хангасан байх ёстой вэ. Иргэдийн зүгээс бүтээгдэхүүндээ гурил хольсон гэх гомдол ирдэг шүү дээ?

-Тухайн цагаан идээнд гурил хольсон байна уу гэдгийг бид хараад мэдэх боломжгүй. Энэ бол шинжилгээгээр гарна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Тусгаар тогтнолын талбайд нээгдсэн үзэсгэлэн худалдаа болон есөн дүүргийн худалдааны төвд хяналт тавьж ажиллаж байна. Бид ялалтын талбайд явуулын лабораториор шинжилгээ хийхэд зөрчилтэй бүтээгдэхүүн илрээгүй. Шинжилгээний эцсийн дүн гараагүй байна. Бусад худалдааны төв болон орон нутгаас сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуй нэгж байгууллагуудаас явуулын лабораториос хийсэн шинжилгээгээр эерэг дээж гараагүй байна. Иргэд худалдан авсан бүтээгдэхүүнээ сэжигтэй гэж үзвэл лабораторийн шинжилгээнд өгөх боломжтой. Мөн зах, худалдааны төвүүдийн дэргэд сүү, сүүн бүтээгдэхүүнүүдэд чанарын шалгалт хийж байгаа.

-Орон нутгаас ирж байгаа мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнд ямар шаардлага тавьж ажиллаж байна вэ?

Орон нутгаас ирүүлж байгаа сүү, сүүн болон махан гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалахдаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой. Улаанбаатарт худалдаалж буй цагаан идээ нь хаяг шошгын зөрчилгүй, ямар нэг хог, шороо, тоос бохирдлоос хамгаалж худалдаалах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна.

Иргэдийн зүгээс цагаан идээний үзэсгэлэн худалдаанаас амт чанар сайтай ч хямд боломжийн үнэтэй сүү, сүүн бүтээгдэхүүнээр тавгийн идээгээ засахыг эрэлхийлж буй ч үзэсгэлэн худалдаанд ийм боломж хомс байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж