Өмнөговь аймгийн амбулаторийн үзлэгийн 23.5 хувийг томуу, томуу төст өвчин, хэвтэн эмчлүүлэгчдийн 42.1 хувийг томуугаар өвчилсөн өвчтөн эзэлж байна. Мөн нэг иргэн томуугийн шинж тэмдгээр нас баржээ.
Үүнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комисс хуралдан аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоёрдугаар сарын 8-ныг хүртэл хоригложээ. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд баяр ёслол багтдаг юм. Тиймээс Цагаан сарын баяраа тэмдэглэх эсэх талаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалангаас тодруулахад “Эрүүл мэндийн сайдын тушаалд дурдсанаар "Тухайн өвчний шинж тэмдэг хүн амын 15 хувийг хамарсан тохиолдолд олон нийтийг хамарсан ямар нэгэн ажил зохион байгуулахгүй" гэж заасан байдаг. Манай аймгийн амбулаторийн үзлэгийн 23.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хоёрдугаар сарын 8-ныг дуустал аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Олон нийтийн арга хэмжээнд төрийн болон хувийн байгууллагын хурал, өдөрлөг багтана. Цагаан сар нь уламжлалт баяр болохоор хувь хүмүүс тэмдэглэх байх. Тиймээс Цагаан сараар маск зүүж баяраа тэмдэглэхийг зөвлөж байгаа” гэлээ.