Улсын нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцөл, бүтээгдэхүүний чанар байдалд туршилтын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг шинээр байгуулан ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын нөөцийн салбарыг түшиглэн Монгол улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 1,2 тэрбум төгрөгийн дэмжлэгтэйгээр байгуулсан Улсын нөөцийн төвийн “Тэжээлийн үйлдвэр”-ийн нээлтийг хийж, хөдөө аж ахуйн найман нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшиг судлалын хүрээлэнгийн дарга, хурандаа С.Алтангэрэл, Улсын нөөц судлалын төвийн дарга, хошууч генерал П.Даш нарын албаны хүмүүс оролцсон юм.
Улсын нөөц судлалын төв нь тэжээлийн үйлдвэр, сорт сорилын гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед малчдад өртөг багатай, малын тэжээлээр хангах зорилгоор “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа юм.
Таримал ургамлын үрийн сортыг Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шар тал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Жаргалант сумдад тариалан, анхны ургацаа авч, ХААИС-ийн “Ургамал газар, тариалангийн хүрээлэн” болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ