Шинэ мянганыхан шуудай гурил бус хүн чанарыг сонгоно

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Шинэ мянганыхан шуудай гурил бус хүн чанарыг сонгоно

2020 оны сонгогчдын тал хувь нь шинэ үеийнхэн

Шинэ мянганыхан шуудай гурил бус хүн чанарыг сонгоно

Ази тивд энэ онд тэрбум гаруй сонгогч оролцох хэд хэдэн томоохон сонгууль болно. Ирэх сард тайландчууд эрх барих ээлжит намаа сонгох бол дөрөвдүгээр сард Индонезид Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эхэлнэ. Энэтхэгт ирэх дөрөв, тавдугаар сард парламентын сонгууль болох товтой. Харин эдгээр дуулиант сонгуульд хэн ялж, улс орных нь хувь заяа хааш эргэхийг заах учгийг барих сонгогчид нь 1980-2000 онд төрсөн шинэ мянганыхан юм. Энэ онд Энэтхэгт 400 сая, Индонезид 79 сая шинэ мянганыхан сонгуульд санал өгөхөөр байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр нь энэ үеийнхний сэтгэхүй, хандлагад нийцэж, таалагдахуйц байж чадвал өрсөлдөгчөөсөө илүү санал авах нь.

Тэгвэл шинэ мянганыхан гэж хэн бэ, ямар онцлогтой вэ гэдгийг тодотгохоос аргагүй. Энэ үеийнхэнд олонх судлаачид 1980-аад оны эхэн үеэс 2000 онд төрөгсдийг хамруулдаг бол зарим нь 1990-2000 оныхныг шинэ мянганыхан гэж тооцдог.
Ажил, зорилгоо үргэлж өөрчилдөг, сэхүүн зантай, залуухан саятан бол энэ үеийнхнийг илэрхийлэх дүр төрх. Тэд нэг бол маш чанга, хатуу журамтай гэрт өссөн эс бөгөөс хүүхдээ үл хайхардаг эцэг, эхийн гарт хүмүүжсэн байдаг. Тиймээс ч тэдний гол шинж нь хэрсүү зан чанар. Аливаад эцэг, эхээсээ илүү материаллаг, сэтгэл хөдлөлтэй ханддаг. Мөн түүхэнд шашин хамгийн бага шүтдэг үеийнхнээр тодроод буй. Харин тооцоотой, шинжлэх ухаанч хандлага тэдэнд аль ч үеийнхнээс илүү хөгжсөн гэж судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн нийгмийн алдаа, онооны шүүмжлэл дунд өссөн тэдэн дунд шинжлэх ухаанчаар хандах нь хамгийн зөв шийдвэр гэсэн үзэлтэн элбэг. Шинэ үеийнхний хөрөнгө өнгөрсөн онуудад эрс нэмэгдэж, ялангуяа азийн дунд давхаргад хүчтэй түрж орж ирсэн. Цаашид ч энэ хандлага хэвээр байх төлөвтэй. Тэдний нийт хөрөнгө 2015 онд 19 их наяд ам.доллар байсан бол 2020 онд 24 их наяд ам.доллар болж нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Шинэ мянганыхан албан ёсны буюу ерөнхий боловсролыг нийтээрээ маш сайн эзэмшсэн. Тэдний хувьд боловсрол хамгийн чухал шалгуур. Гэхдээ улс төрийн сонголт хийхэд нь тухайн улстөрч ямар боловсролтой байх нь тийм ч чухал биш байх болов уу. Судлаач Берни Сандерс “Шинэ мянганыхан таамаглахад хамгийн хэцүү хүмүүс” гэсэн бол Libertarian Reason сэтгүүлд “төвийг сахигчид” хэмээн тодорхойлжээ. Харин Deloitte байгууллага 2017 онд хийсэн шинэ мянганыхны талаарх судалгааныхаа тайланд “тэд хэрүүл маргаан тарьдаг улстөрчдийг дэмждэггүй. Ямар нэг далд санаагүй, үзэл бодлоо шууд илэрхийлдэг бизнесмэн, улстөрчдөд илүү талтай” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэдний саналыг авахыг хүсвэл нүд хуурсан шоу, үл бүтэх амлалт хэрэггүй гэдгийг судлаачид ийнхүү анхааруулж байна.

Ажлын байр нэмэх бодит шийдлээр залуусыг татаж болно

Тэгвэл манай улсад ч бас шинэ мянганыхны үе ирээд буй. Тэд эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарыг нуруун дээрээ үүрч яваа. Нөгөө талаас харвал, шийдвэр гаргагчдыг сонгох “дохиур” ч тэдний гарт буй. Манай улсын 3.2 сая орчим хүн амын 2.2 сая нь сонгуулийн насныхан. Тэгвэл эдгээрийн талаас илүү нь буюу 1.2 сая нь бидний дээр тодорхойлсон шинэ үеийнхэн юм. 2020 оны парламентын сонгуулийн тал хувь нь тэдний гарт бий гэсэн үг. Тиймээс 2020 онд нэр дэвшихээр зэхэж буй бол залуу сонгогчдын үзэл, хандлагыг анхаарахгүй өнгөрч болохгүйг сануулахад илүүдэхгүй буй за.

Тэдэнд санаагаа шууд хэл, өөрийгөө үнэн мөнөөр нь танилцуул. Харин шийдвэр гаргахад нь хар пи-араар нөлөөлөх гэж оролдох нь төдийлэн үр дүнгүй. Залуу сонгогчдын саналыг авъя гэвэл улстөрчид ажлын байрны тоог нэмэх гэх зэрэг бодит шийдэл санал болгох нь үр дүнтэй байж болох юм. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо дахин сонгогдохын тулд компанит ажлаа “эдийн засгийг дахин аж үйлдвэржүүлнэ” гэсэн уриатай эхэлсэн. Харин Энэтхэгийн сөрөг хүчний удирдагч ажлын байрны хомсдол болон газар тариалангийн асуудлыг компанит ажлынхаа гол сэдэв болгожээ.

Тиймээс дөрвөөс дээш хүүхэдтэй залуу гэр бүлд байр өгнө, хүүхдээ харж буй эхчүүдэд “цалин” олгоно гэх зэрэг халамжид түшиглэсэн санал тавих гэж байгаа бол үүнийгээ үтэр түргэн таягдан хаях хэрэгтэй болох нь. Шинэ үеийнхэн ийм мөрийн хөтөлбөрийг сонсоод шоолон инээх болно. Мэдээж, манай улстөрчид сурсан зангаараа шуудай гурил, сав суулга тараах биз. Харин залуу сонгогчид түүнийг чинь авчихаад яг санал өгөх өдрөө өөрийн итгэл үнэмшлээр сонгох хүмүүс шүү.

Гэхдээ тэдэнд нөлөөлж болох “муу” арга бас байна. Шинэ үеийнхэн өөрсөдтэй нь ижил түвшний, ижил шинж чанартай хүнд санал өгөх магадлал өндөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрсүү, бизнесмэн, залуу улстөрчид санал өгөх магадлал өндөр байх бололтой. Гэхдээ мэдээж, авлига өгөгч биш нийгмийн асуудлыг бодитоор шийддэг, ярихаас илүү хийдэг лидерийг залуус сонгоно.

1980-аад оноос хойш төрж, 2000-аад онд боловсрол эзэмшсэн тэдэнд шинэ технологи, ялангуяа, нийгмийн сүлжээ чухал. Тиймээс ч сүүлийн жилүүдэд facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээ сонгуулийн “дайны талбар” болж хувирсан. Гэхдээ сонгогчид өмнөх сонгуулиудад хуурамч мэдээлэл, “хар” пи-арын уршгийг сайтар мэдэрсэн учраас энэ удаад илүү хянамгай хандах нь мэдээж.

Шинэ үеийнхэн улстөрчдөөс шуудай гурил бус хүн чанар, бодит шийдэл хүсэж буй сонгогчид. Энэ бүхэн та нарт бий юу, монголын улстөрчид өө.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж