Глобалчлалын боломжоос хоцорсон хэсэгт элитүүд анхаарна

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Глобалчлалын боломжоос хоцорсон хэсэгт элитүүд анхаарна

“Давос-2019”-д манайхан даруухан бүрэлдэхүүнтэй оролцож байна

Глобалчлалын боломжоос хоцорсон хэсэгт элитүүд анхаарна
Founder and Executive Chairman of the World Economic Forum Klaus Schwab attends a press conference ahead of the 2019 edition of the annual meeting of the World Economic Forum (WEF) on January 15, 2019 in Geneva. (Photo by Fabrice COFFRINI / AFP) (Photo credit should read FABRICE COFFRINI/AFP/Getty Images)

Швейцарын Давос хотноо өнөөдөр эхэлж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы уур амьсгал алпын нурууны цэнгэг агаар шиг таатай байхгүй нь. Бас хөндөх сэдэв нь ч үзэсгэлэнт Давос шиг сэтгэл татам бус байх шинжтэй.

Дэлхийн эдийн засгийн төлөв таагүй, протекционизм эрчээ авч, улс төрийн эрсдэл болон гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, баян, ядуугийн зааг ялгаа улам нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн улс төр, бизнес, иргэний нийгэм, соёл урлаг, хэвлэл мэдээллийн элитүүд энэ сарын 22-25-нд шийдэл, сорилтдоо гарц олохоор чуулна. Хэдийгээр 2018 он улс орнуудад өрөө багасгаж, ард иргэд, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх боломжтой таатай жил болж өнгөрсөн ч энэ онд тодорхойгүй байдал давамгайлахыг тоон үзүүлэлт ч, томоохон эдийн засагчид ч онцолж буй. IHS Markit-ын ахлах эдийн засагч, Давосын чуулганы эрхэм зочдын нэг Наримаш Бехравэш “Нөхцөл байдал жилийн өмнөхөөс нэлээд бүүдгэр байна. Эдийн засгийн уналт тохионо гэж хэлж чадахгүй ч эдийн засгууд саарч байгаа нь бас тоогүй” хэмээв.

Өнгөрсөн сард ОУВС дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд үүсээд буй худалдааны зөрчил энэ жилийн гол эрсдэл болохыг онцолсон бол Давосын чуулганы өмнөхөн Хятад улсын эдийн  засгийн өсөлт 2018 онд сүүлийн 28 жилд байгаагүйгээр саарсныг зарлалаа. Энэ бүхнээс гадна технологийн дэвшил, нийгмийн амьдрал болон ажлын байранд явагдаж буй өөрчлөлтүүд, дэлхийн дулаарал гээд дэлхий нийтээрээ явсан зам, туулсан амьдралаа өнөөгийн хөгжлийн түвшнээс эргээд харах цаг болчиж. Тиймээс энэ цаг үеийг хөгжил гэж харах ёстой юу гэдэгт тэд хариулт хайж байна.

Дэлхий ертөнц нээлттэй болохын хэрээр хүмүүст олон боломж гарч ирж буй ч энэ бүхнээс хоцорсон хэсэг бас бий. Oxfam олон улсын байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд баян, ядуугийн зааг улам тэлсээр байна. Дэлхийн 7.53 тэрбум хүний бараг талынх нь амьжиргаа өдөрт 5.5 ам.доллараас бага байна. Энэ нь хүн амын ядуу хэсэг төрийн үйлчилгээ авч чадахгүй, татварын дарамтаас өндийж чадахгүй байх нөхцөл болж буй аж. Тиймээс хоцорч үлдсэн энэ хэсэгт нээлттэй боломжийг улам хүртээхийн тулд дэлхийн эдийн засгийн чуулганы гол сэдэв чиглэнэ. “Глобалчлал 4.0: Аж үйлдвэрийн хувьсгалын 4.0 үед дэлхийг бүтээх нь” сэдвийн учир шалтгааныг давосын чуулганыг үндэслэгч Клаус Шваб “Глобалчлалаас хожсон нь ч бий, үлдэж хоцорсон нь ч бий. Ялангуяа сүүлийн 25-30 жилд хожсон нь их. Гэхдээ бид глобалчлалын боломжоос үлдэж хоцорсон хэсэгтээ анхаарах цаг иржээ” хэмээгээд, чуулганд оролцогч төр засгийн тэргүүнүүд, бизнесийн төлөөлөгчдийг үүнд анхаарал хандуулахыг уриалж буй юм. Үндсэн сэдвээс гадна оролцогчид ирээдүйн ажлын байр, хүн төрөлхтний сэтгэцийн эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлууд, нийгмийн өөрчлөлт гээд өргөн сэдвээр нийт 350 орчим салбар хуралдаан таван өдрийн турш өрнөнө.

2009-2017 онд Давосын эдийн засгийн чуулганд Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирсэн манай улс энэ жил харьцангуй даруухан бүрэлдэхүүнтэй алпын өндөрлөгийг зорьжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлж буйгаар Швейцарын Женев хот дахь монголын Элчин сайдын яам болон бизнесийн төлөөллүүд энэ жил давосыг зорьсон байна. Давосын дээд хэмжээний чуулганд өнгөрсөн жил гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нарын тэргүүтэй төр засаг, бизнесийн төлөөлөл оролцож, хэд хэдэн салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлж байсан юм. Монголын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчин, даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа, тогтвортой эдийн засгийн тогтолцоо монгол улсад ямар байгааг хөрөнгө оруулагчид, түншүүддээ танилцуулж байв.

Давосын чуулганы түүхийг эргэн харвал бүс нутаг хийгээд хүн төрөлхтөнд тулгамдсан халуун сэдвүүдэд шийдэл олсон баримт олон бий. Тухайлбал, 1992 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Фредерик Уилльям Де Клерк болон Нелсон Мандела нар гар барьж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоож байсан. Мөн 2000 онд 690 сая хүүхдийг дархлаажуулж, 10 сая хүүхдийг үхлээс аварч байсан Вакцин болон дархлаажуулалтын дэлхийн холбоо Давос хотноо байгуулагдаж байсан түүхтэй.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж