Өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо хоёр саяар буурсан тухай өчигдөр /2019.01.21/ Хятадын статистикийн газраас мэдээллээ. Хятад улс “Нэг хүүхдийн бодлого”-оо гурван жилийн өмнө халсан ч 2018 онд 15.23 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь сүүлийн жилүүдэд байгаагүй бага үзүүлэлт аж. Зөвхөн “Их үсрэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсэн он жилүүдэд ядуурал, өлсгөлөн газар авч, төрөлтийн хэмжээ 12 сая хүртэл буурч байв.
БНХАУ нь 30 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн “Нэг хүүхдийн бодлого”-ыг 2016 онд албан ёсоор халснаар нэг айл хоёр хүүхэдтэй байх боломжтой болсон. Гэсэн хэдий ч төрөлтийн тоо буурсан нь хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, мөн амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Ван Фэн “БНХАУ-д хэдэн арван жил үргэлжилж буй эдийн засгийн хөгжил, шинэчлэлтийн бодлогын ачаар цоо шинэ эрин үе төрөн гарч ирсэн. Орчин үеийн залуучууд хүүхэд төрүүлж, өсгөхийг тийм ч чухал гэж авч үзэхээ больсон” хэмээн хэлжээ. Харин 31 настай төрийн албан хаагч Мина Цай “Миний үеийн залуучуудын ихэнх нь айлын ганц хүүхэд болохоор хувиа хичээх хандлагатай байж магадгүй. Тиймээс хүүхэд төрүүлж, өнөр өтгөн болох хүсэл тийм ч их байдаггүй ” гэв.
Хятадын “Нэг хүүхдийн бодлого”-ын уршгаар үр хөндүүлэх тохиолдол ихсэж, хүмүүс охин хүүхдээс илүү нэг эрэгтэй хүүхэдтэй байхыг хүсэх болсон нь дэлхий нийтийн шүүмжлэл дагуулж байв.
БНХАУ-ын статистикийн газрын тус мэдээлэлд ирэх жилүүдэд ч нялхсын тоо буурах төлөвтэй байгааг дурджээ. Тиймээс тус улс ирээдүйд ажиллах хүчний хомсдолд орох, хүн амын хөгшрөлт зэрэг тулгамдсан асуудлуудтай учирч болзошгүй байна.
Эх сурвалж: DW