НИТХ өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.16/ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Өчигдөр НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлнэ гэх мэдээлэл байсан ч одоогоор тус бичгийг хүргүүлээгүй байгаа юм. Энэ тухай С.Мөнхчулуунаас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаар сонгогдсоноос хойш өглөө босоод нэг шинэ нэр хоч зүүдэг боллоо. Өнөө өглөө маш их хүн надтай холбогдож яагаад батламжлахгүй болчхов гэлээ. Өчигдөр орой 18 цаг 30 минутад намайг Тамгын газарт байх үед батламжлуулах бичиг нь гараагүй байсан. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн тогтоол дээр он, сар, өдөр, дугаар нь бичигдээгүй байсан. Мөн уламжлагдах бичиг дээр гарын үсэг зурагдаагүй байсан учраас намайг батламжлахаас татгалзсан гэдэг шийдвэрт нь би итгэхгүй байна гэдгээ хэлсэн. Дөнгөж сая Г.Баясгалан дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг нь харлаа. Одоогийн байдлаар ЗГХЭГ-т батламжлуулах бичиг нь очоогүй юм байна. 16-нд гарсан тогтоолыг өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдад хүргүүлэхгүй байгаа нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон эрхэд нь халдаж байна гэж үзэж байна. Мөн Ерөнхий сайдын шийдвэр гарсан мэт өмнөөс нь ташаа мэдээлэл гарсанд харамсч байна. Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна. Миний хувьд хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналыг авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна. Хэрэв батламжгүй бол хуульд заасны дагуу НИТХ-рүү буцаан хүргүүлнэ. НИТХ хуульд заасны дагуу хуралдаж нэрийг дахин хүргүүлнэ. Үүний дараа Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах үүрэгтэй гэсэн хуулийн заалт бий" гэсэн юм.
Холбоотой мэдээ