НИТХ-ын хуралдаанаар Хотын даргаар С.Мөнхчулууныг томилсон бөгөөд хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд батламжлах ёстой. Одоогоор НИТХ-аас Хотын даргыг батламжлах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хотын даргыг батламжлах хүсэлт албан ёсоор ирсэн юм уу?
-НИТХ-ын хуралдаанаар ямар шийдвэр гарсан, Ерөнхий сайдаар батламжлуулах шаардлагатай. Гэхдээ одоогоор Ерөнхий сайдаар батламжлуулах хүсэлтээ ирүүлээгүй байна. Хотын даргад томилогдсон хүн нь тодорхой хуулийн дагуу нөхцөл бүрдүүлэх ёстой. Татварын ерөнхий газарт ямар нэг өргүй байх гэх мэтчилэн бичиг баримтаа бүрдүүлэх ёстой. Тиймээс энэ материалаа хангахаар удаж байж магадгүй гэж бодож байна. Хэрэв батламжлах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд Ерөнхий сайд өөрийн хүрээнд шийдвэрээ гаргана.
-С.Мөнхчулууныг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн юм уу?
-АТГ-ын асуудал өөр юм. Тодорхой нэр дэвшигч хуульд заасан үндэслэл бүхий шаардлагыг нь хангаж байна гэж үзвэл эсвэл Ерөнхий сайд томилох боломжтой гэж үзвэл нийтийн алба, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдээллийг бидний зүгээс АТГ-т хандаж гаргуулж авна. Шаардлага хангасан эсэх асуудал тодорхойгүй байхад бид энэ асуудлыг шалгуулахгүй.
-Хотын даргыг Ерөнхий сайд батламжлаагүй тохиолдолд дахин нэр дэвшиж, ялалт байгуулсан хүн нь шууд Хотын дарга болно гэсэн мэдээлэл яваад байгаа?
-Хуулийн заалтыг нарийн уншвал тав хоног гэж байхгүй. Харин Ерөнхий сайд татгалзаад хуулийн дагуу дахин нэр дэвшигчийг оруулж ирсэн тохиолдолд тав хоног гэж заасан байдаг. Ерөнхий сайд батламжлаагүй тохиолдолд дахин нэр дэвшигч орж ирвэл тухайн нэр дэвшигчийг шууд томилно гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Орон нутгийн өөрөө удирдах, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын харьцааг ялгаж, салгасан хуулийн зохицуулалт бий. Түүний дагуу л явж байна.
-Ер нь Хотын даргыг томилох асуудлыг яаралтай шийдвэрлэж болохгүй юу?
-Миний бодлоор энэ асуудлыг шуурхай шийдэх шаардлагатай. Гэхдээ эрх бүхий байгууллагаас ямар нэгэн бичиг баримт ирээгүй байхад бид хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжгүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа.
-Хотын даргыг батламжлахгүй болохоор нийслэлийн төсөв гацсан байдалтай байна гэсэн мэдээлэл яваад байна?
-Хотын даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэж хүн бий. Тиймээс төсөв тасалдах, бэрхшээл байгаа гэж огт бодохгүй байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ