Улаан талбайн хойморт залрах Оросын аугаа удирдагч В.И.Лениний шарилыг бунхнаас нь гаргаж, хүний ёсоор нутаглуулах асуудал 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Оросын эрх баригчид болон ард иргэдийн дунд маргаан дэгдээх болсон юм. Хэдийгээр гэр бүлийнхэн нь хүчтэй эсэргүүцэж байсан ч түүнийг нас барсны дараа цогцсыг нь занданшуулж Москва хотын төв талбайд бунханд байрлуулсан билээ.
Тэгвэл өчигдөр /2019.01.21/ нэрт удирдагчийн таалал төгссөний 95 жилийн ой тохиосон ба энэ үеэр тус улсын улс төрийн зүтгэлтнүүд энэ асуудал дээр санал бодлоо солилцжээ.
Оросын Коммунист намаас сонгогдсон төрийн Думын гишүүн Юрий Афонин “Манай улсад Лениний шарилыг нутаглуулахаас өөр шийдэх маш олон чухал асуудлууд байна. Бид олон улсын түвшинд маш ноцтой нөхцөл байдалд орсон байгаагаа ойлгох хэрэгтэй. Оросын ард түмний тал илүү нь түүний шарилыг оршуулахыг эсэргүүцэж байгаа нь санал асуулгаар тодорхой болсон. Энэ асуудлыг дахин дахин хөндөж гаргаж ирээд байгаа хүмүүсийг би нийгмийг талцуулах гэсэн өдөөн хатгагчид гэж үзэж байна” хэмээн хатуухан шүүмжилсэн байна.
ОХУ-ын нийгмийн судалгааны Левада байгууллагаас арванхоёрдугаар сард Лениний шарилыг бунхнаас гаргаж нутаглуулах талаар санал асуулгыг ард иргэдийн дунд явуулсан бөгөөд 41 хувь нь энэ санааг дэмжихгүй одоогийн байгаагаар нь байлгах саналтай байсан бол мөн тооны хүмүүс нутаглуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин үлдсэн 18 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.
Мөн Либерал Ардчилсан намын гишүүн Ярослав Нилов Ленинийг “эсрэг дүрийн баатар” хэмээн тодотгоод “Орос улсад тулгараад буй одоогийн асуудлууд өнгөрсөн үетэй холбоотой. Түүнийг хүн ёсоор оршуулаагүйгээс болж сүнс нь амар тайвныг олж чадахгүй бидэнд хилэгнэж, муу энерги нь Орос улсад нөлөөлж байна. Ер нь улсын төв талбайд хүний цогцос байна гэдэг утгагүй зүйл” хэмээн хэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт “Гулаг” түүхийн музейн захирал, ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөлийн гишүүн Роман Романов “Орос улсыг урагшаа алхуулахын тулд Лениний цогцсыг яг одоо оршуулах хэрэгтэй” хэмээн хэлж байв.
Харин Шударга Орос намын гишүүн Михаил Емельянов энэ асуудлыг урс төржүүлэхгүйгээр түүхийн дурсгал талаас нь харахыг уриалж “Түүний шарил хэн нэгэнд ямар ч гай болоогүй. Энэ хэвээр нь байлгах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ