ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүдэд олгосон зээлийн асуудлаар хуульчид өнөөдөр /2019.01.22/ мэдээлэл хийлээ.
Хуульч Ж.Эрхэмбаатар “ЖДҮХС-аас олгосон зээлийн асуудал маргаан дагуулж байна. Хоёр шатны шүүхэд бид хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шүүх, захиргааны хэргийн шүүхэд хандсан. ЖДҮ-ийн зээл олгох шийдвэрийг судлаад үзэхэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайдын гурван тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй асуудал үүссэн байна. Сайдын тушаал бол захиргааны нэг төрлийн акт юм.
Захиргааны хэргийн акт гарснаар нийтийн эрх ашгийг захиран зарцуулсан асуудлаар ТББ шүүхэд хандах эрх болж байна гэсэн үг. Тиймээс бид анхан шатны шүүхэд хандсан. ЖДҮХС нь урьдчилан сонгон шалгаруулах журмыг баталж, журмын дагуу төслөө сонгон шалгаруулдаг. Энэ журамд хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан боловч эх үүсвэр нь хүлээгдэж байсан ААН-г хааж шинээр төсөл авах буюу маргаан дагуулаад буй 124 аж ахуй нэгжийн зээлийг нээсэн тушаал гарсан байгаа. Үүнийг бид давж заалдах шатны шүүхэд өгсөн юм” гэв.
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР ШҮҮХЭД ХАНДСАН
Өмгөөлөгч Б.Мэргэн “Хуульч, судлаачид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааны нэг нь ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Үүнтэй холбогдуулан “Онч шийдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.
“ХХААХҮ”-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнуудад “ЖДҮХС-аас зээл авах эрх” үүссэн явдал юм.
Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан жижиг дунд эрхлэгчдэд буюу бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм.
АТГ-аас авсан мэдээллээр ЖДҮХС-ийн сонгон шалгаруулах хорооноос дэмжигдсэн боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Бүхий л төрийн байгууллагын үйл ажиллагаа үндсэн хуулийн хүрээнд явагддаг. Хэрвээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.
Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн нь нийтэд илэрхий байгаа” гэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ