Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотод болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо.
Дэлхийн чансааг тэргүүлж явсан АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс Румыны С.Халепийг 6:1, 4:6, 6:4-өөр хожиж, шилдэг наймд үлдлээ. Серенагийн дараагийн өрсөлдөгч нь тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож байгаа Чехийн Каролина Плишкова юм.
“Их дуулга” тэмцээний 23 удаагийн түрүүт Серена Уильямс 16-д эрэмбэлэгдэн тоглож байгаа ч дэлхийн чансааг тэргүүлэгч Халепийг хожлоо.
Энэ жил 38 настай Серена 2017 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ бие давхар байсан билээ. Тэрбээр бизнесмен Алексис Оганянтай гэрлэж, охинтой болсон ч 2018 онд дахин талбайд гарсан юм. Тодруулбал, 2018 оны зургадугаар сард Францын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарсан бөгөөд “Уимблдон” болон Америкийн нээлттэй тэмцээний финалд үлдсэн.
Мельбурнд болж буй Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-ны өдөр өндөрлөнө.
Холбоотой мэдээ