Т.Аюурсайхан бууж өгөхгүй нь

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан бууж өгөхгүй нь

Замын нэгдүгээр эгнээ болон зогсоолгүй газарт автомашинаа тавьж орхисон иргэдийн машиныг ачих, дугуйг нь түгжих зэргээр “шийтгэдэг”. Тэгвэл энэхүү шийтгэлийн нэг хэлбэр болох дугуй түгжих үйлчилгээ нь хууль журмын дагуух үйлчилгээ биш гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлсэн. Харин үүний хариу тайлбарыг  өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд өгсөн юм.  Тэд  “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй” гэсэн хариу өгсөн.

Гэвч  ШӨХТГ-ын дарга тийм ч амархан бууж өгөх бодолгүй байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн твиттер хуудсаараа  “Хохирсон иргэдээ шүүхээр чирэгдүүлж байснаас нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл, ИТХ-ын Тэргүүлэгчид  өөрсдөө хууль бусаар авсан мөнгийг нь буцаагаад өгчих хэрэгтэй” гэсэн хатгаас маягийн үгийг бичиж нийтэд түгээжээ.  Машинаа нэгдүгээр эгнээнд тавьж орхисноос болж торгууль шийтгэл хүлээсэн иргэд хууль бус үйлчилгээний төлбөрийг буцаан авах эрхтэй гэсэн байр сууриндаа бат зогсож байгаа Т.Аюурсайхан даргын зөв үү нийслэлийнхний зөв үү гэдэг нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа тодорхой болох юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж