Шилдэг 8 теннисчин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Шилдэг 8 теннисчин шалгарлаа

Шилдэг 8 теннисчин шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний 4 Их Дуулга тэмцээний эхний тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний 4-р шатны тоглолтууд өндөрлөж шөвгийн 8-д өрсөлдөх теннисчид тодорсон байна.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Австралийн нээлттэй тэмцээний 7 удаагийн аварга алдарт С.Уилльямс дэлхийн чансааг тэргүүлэгч Румын бүсгүй С.Халептай тоглож 6-1, 4-6, 6-4 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарлаа. Түүнтэй дунд шөвөгт Г.Мугурузаг буулгаж авсан Чехийн К.Плишкова тоглоно. Хоёр теннисчин өмнө нь 3 удаа таарч тоглоход С.Уилльямс 2-1 харьцаатай давамгайлж байна.

Өнгөрсөн оны Америкийн их дуулга тэмцээнд түрүүлсэн Японд төрсөн Америк охин Н.Осака Латви улсын теннисчин А.Севастоваг буулгаж авсан бөгөөд дунд шөвөгт өнгөрсөн оны Тур Финалс тэмцээний аварга Украйны Е.Свитолинатай тоглоно. 6 дахь удаагаа тоглох гэж буй залуу теннисчдийн хоорондын харьцааг 3-2 харьцаагаар Украйн бүсгүй илүүрхэж байгаа.

Уимблидоны хошой аварга Чехийн П.Квитова нутгийн тамирчин Э.Бэртитэй тоглоно. П.Квитова бол хашир туршлагатай тоглогч. Харин түүний өрсөлдөгч Э.Бэрти өөрийн карьертаа хамгийн өндөр амжилтаа үзүүлж Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгараад байна.

Тэгвэл энэ шатанд таамаг эвдсэн 2 теннисчин дунд шөвөгт хоорондоо таарч байгаа нь Оросын А.Павлюченкова болон АНУ-ын Д.Коллинс нар юм. А.Павлюченкова 2017 оны Америкийн их дуулга тэмцээний аварга С.Стефэнсийг буулгаж авсан бол Д.Коллинс Их Дуулга тэмцээний 3 удаагийн аварга Германы шилдэг теннисчин А.Керберийг хожсон.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд шилдгүүдээс Н.Жокович, Р.Надал, К.Нишикори болон М.Раонич дунд шөвөгт шалгараад байна. Р.Надал дунд шөвөгт Америк залуу Ф.Тиафоетой тоглох бол энэ шатанд нэгэн сонирхолтой тоглолт хүлээж байна. Энэ бол Н.Жокович болон Азийн тэргүүн теннисчин К.Нишикори нарын тоглолт юм. Мөн үүнээс дутуугүй тоглолт бол алдарт Р.Федерерийг буулгаж авсан Грекийн С.Циципас болон Испаний Р.Агут нарын тоглолт байх юм. Испаний Р.Баутиста Агут тэмцээний эхний шатанд Э.Мюррейг буулгаж авсан бол 4-р шатанд Хорватын М.Чиличийг гэрт нь буцаасан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж