Хятад улсын эдийн засаг сүүлийн 28 жил байгаагүй муу үзүүлэлттэй гарчээ. Ер нь бол эдийн засгийн өсөлт удааширч байна гэдэг мэдээ тэдэнд өөрсдийнх нь хувьд тийм ч шинэ содон мэдээ биш. Учир нь сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газраас тоон өсөлт биш чанарын өсөлтийн төлөө ажиллахыг үйлдвэрлэгчдэд уриалж, гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн үзүүлэлт нь өөрсдөөс нь 100 хувь шалтгаалаагүй бөгөөд АНУ-тай үүсгэсэн худалдааны маргаанаас үүссэн гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.
Хятад улсын эдийн засгийн доройтолд бараг дэлхийн нийтээрээ санаа зовж байна. Арга ч үгүй биз. Дэлхийн экспортын бараг гуравны нэгийг дангаараа бүрдүүлээд зогсохгүй хамгийн том худалдан авагч орон шүү дээ. Уул уурхай дээр түшиглэн хөгжиж буй Монгол Улсын хувьд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалын бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч нь мэдээж урд хөрш болох Хятад улс. Мөн Монгол улсын импортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь урд хөршөөс орж ирж байна. Иймээс тус улсын эдийн засгийн өсөлт бууралт манай улсад хамгийн их нөлөөтэй.
ЗЭЭЛИЙН БОДЛОГОО ДЭМЖИЖ, ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ
Хятадын засгийн газар банкуудын зээлийн санхүүжилтэд зориулж 80 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Ингэснээр хувийн хэвшлийнхэн банкнаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ үйлдвэрүүд бий болсноор ажлын байр ч мөн нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн энэ онд татварын хөнгөлөлтийг бодит ажил болгох гэнэ. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг 0,5 хувиар өсгөж энэ оны хоёрдугаар хагас гэхэд Хятад улс хүнд байдлаас гарч чадна гэж ЖП. Морган гэх байгууллага дүгнэжээ.
Харин нэрт эдийн засагч Марк Уиллиам “Хятад улс баян болох боловч эдийн засгийн өсөлт нь буурсаар байх болно. Бүх л хөгжингүй орнууд энэ замаар явж ирсэн байдаг. Хятадын эдийн засгийн өсөлт ирэх таваас арван жилдээ энэ хэвээрээ үргэлжилнэ” хэмээн хэлжээ.
АЗИЙН ОРНУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Сүүлийн арван хэдэн жил Хятад улс Азийн ихэнх орнуудтай худалдааны түнш болж, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн хүдэр, нүүрс зэрэг уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг голчлон худалдан авчээ. Тийм учраас Хятадын эдийн засаг доройтож эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах чадваргүй болбол экспортлогч орнуудын эдийн засаг ч дагаад доройтох нь тодорхой. Дэлхийн банкны судалгаагаар энэ жил Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт 0,3 хувиар буурна гэсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь Азийн орнуудын хувьд эдийн засгийн их хямралаас хойшхи хамгийн муу үзүүлэлт болно гэв.
Ялангуяа Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг гол экспортлогч орнуудад илүү хүнд тусах бололтой. Харин энэ бүхний дунд Энэтхэг улсын эдийн засаг өсөлттэй гарчээ. Азийн хөгжлийн банкны тооцоогоор хэдийгээр Хятад шиг том үйлдвэрлэгч, худалдан авагч биш ч гэсэн дэлхийд эдийн засгийн хөгжлийн хурдаараа тэргүүлч байгаа аж. Өнгөрсөн 2018 онд 7,3 хувьтай байсан Энэтхэгийн эдийн засаг ирэх хоёр жилд 7,5 болж өснө гэж Азийн хөгжлийн банк тооцоолсон байна.