Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гарсан. Мэдээж хэрэг Ази болон Европын улс орнуудын төрийн тэргүүнүүд цуглах энэхүү уулзалтыг дэлхий даяар ажиглаж, тэр чинээгээр Монголоор дэлхий амьсгална гэсэн үг. Уулзалт болох цаг хугацааны хувьд ихээхэн онцлогтой бөгөөд сонгуулийн дараа болно. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх бөгөөд Монгол Улс олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжин дэлхий нийтийн анхаарлын төвд орох гэж байна.
Хэдийгээр ирэх онд уулзалт болох ч бид энэхүү уулзалтыг зохион байгуулж, гадны төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн нь үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Тиймээс ч үүнд зориуд ач холбогдол өгч Ерөнхий сайдаар ахлуулсан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулжээ. Энэ чухал үйл явдлыг угтан Улаанбаатарт 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж, эх орноо сурталчлах ажилд Монголын сэтгүүлчид өнөөдрөөс хүчээ нэгтгэн нэгэн зүгт харж, хамтран ажиллахаар боллоо.
АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар “АСЕМ-ийг Монгол Улсад зохион байгуулах эрх олгосон. Энэ бол спортоор төлөөлүүлж ярих юм бол Олимпийн эрх авсантай ижил юм гэж тэгэхэд бид ярьж байсан. Энэ үнэн юм. Олимп, тив, дэлхийн аваргын тэмцээний эрхийг тухайн улс орон аваад яаж зохион байгуулалтад орж, яаж нэг зүгт харж нэгдмэл уур амьсгалаар зохион байгуулдаг билээ. Түүнтэй нэгэн адил юм. Хэдийгээр энэ нь улс төрийн уулзалт, арга хэмжээ боловч Монгол Улс гадаад нэр хүнд, дотоод зохион байгуулалтаа бодож, сэтгүүлчид маань уриалж, олон нийт, төр, засаг, ТББ, хувийн хэвшлийнхэн нэгэн зүгт харж байж энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулах юм” гэдгийг онцолж байна.
Түүнээс 5000 гаруй зочид төлөөлөгчдийг хүлээн авч болох эсэх талаар лавлавал “Шинээр бага сага бүтээн байгуулалт хийнэ. Зарим зочид буудлын санхүүжилтийг гүйцээж хөрөнгө оруулна. Мөн хэд хэдэн жижиг барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахаар ярилцсан. Тухайн арга хэмжээний үеэр хэвлэлийн том төв байгуулах ёстой” гэсэн хариултыг өгч байна. Гадны зарим орон ч манай улсыг дэмжин АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэхээр болжээ.
Одоогоор хэвлэл мэдээллийн ажилтнууд, гадны төлөөлөгчдийг 38 гаруй зочид буудалд хүлээн авах аж. Түүнчлэн “MCS” группын “Скай ресорт”-ын ойролцоо барьж буй хаусуудад томоохон төлөөлөгчдийг байрлуулах аж.
Мэдээж гадны зочдыг хүлээн авахад шийдэх ёстой хамгийн чухал асуудал нь замын түгжрэл. Зам тээврийн сайдын Н.Төмөрхүүгийн хэлж байгаараа түгжрэлийн асуудлыг тухайн үед нь зохицуулах бүрэн боломжтой гэнэ. Гадны жишгээс аваад үзвэл, иймэрхүү томоохон арга хэмжээг зохион байгуулах үеэр тухайн хотын оршин суугчдад тодорхой хэмжээний зардлыг нь өгөөд өөр хот, суурин руу аялуулах тохиолдол хүртэл байдаг гэнэ.
2016 оны долдугаар сар хүртэл албаны маш олон уулзалт болно.
АСЕМ-2016 бол монголчуудад олдох ховор боломж юм. Энэ хуралд оролцох улс орнууд өнөөдрөөс Монгол гэж ямар улс вэ. Улс төрийн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, хүн ам нь ямар вэ гэдгийг судалж байгаа. Бид ганцхан хурал зохион байгуулах биш АСЕМ-ийг ашиглаж улс орноо сурталчлах, АСЕМ-аас юу авч үлдэх вэ гэдгийг бодох ёстой. Хэрэв бид энэхүү уулзалтыг сайн хийж чадвал тавиад туучихсан хөрөнгө оруулагчдыг урьд өмнө байгаагүйгээр ч татах боломжтой гэсэн үг. Монголоо гадаадад сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах маш том боломж юм. Нөгөөтэйгүүр АСЕМ-ийг дагаад дэлхийн томоохон хэвлэлийн компаниуд урьдчилсан сурвалжлага хийдэг. Үр дүнг нь дэлхийн олон нийтэд системтэй хүргэдэг жишиг бий. Энэ мэдээллийн урсгал руу зөв мэдээлэл өгөх нь маш чухал.
Харин өнөөгийнх шиг төр засгийн түвшинд байнгын хэрүүлтэй, асуудлаа шийдэж чадахгүй, гадны хөрөнгө оруулагч, дотоодын бизнесмэнүүдээ барьж хориод байвал тэр хэмжээгээр дэлхий дахин муу нэртэй үлдэнэ. Дэлхий анхаарлаа Монгол руу хандуулах энэ мөчүүдэд бид өөрсдийн талаар таатай мессэж илгээх нь юу юунаас чухал.
Тиймээс үүнд анхаарч хотын дарга “Найрсаг Уланбаатар” гэсэн концепцийг дараагийн гурван жилд барьж, гадныханг татах тодорхой ажлуудыг хийхээр болоод буй. Олон улсад үнэхээр өөрсдийгөө найрсаг, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ нотлох нэг бололцоо гэж бас харж болно.
Тиймээс юу юунаас илүүтэйгээр бэлтгэлээ базааж, улс төрийн намууд нь биенээ сонгуулиар унагааж, сурталчилгаа болгон популист шийдвэр гарган, сонгуулийн өмнө шоудаад эхэлбэл бидний талаар таагүй мэдээлэл л дэлхийгээр цацагдаж түүний гайгаар Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг үргээхэд хүрнэ гэсэн үг. Харин үүнийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж чадвар монголчуудын хөгжлийн таатай нэгэн боломж бүрдэж, бид урагш алхсан шиг алхаж чадна.
Л.ТӨГС