Хайр үнэртсэн сурвалжлага: Задгай мөнгө цуглуулдаг ах дүү хоёр  

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Хайр үнэртсэн сурвалжлага: Задгай мөнгө цуглуулдаг ах дүү хоёр  

Б.Анхбаяр гэр бүлийн хамт. /Б.Анхбаяр болон түүний эхнэрийн голд зогсож буй хүү тэдний хамаатны хүү юм /

Дэггүйтэн гүйх бяцхан жаалуудаа хайр гэрэлтсэн харцаараа энхрийлэх залуу гэр бүл. Дөрвөн "цэрэг"-ийн аавыг Б.Анхбаяр гэдэг.  Д.Одончимэг тэр хоёр танилцаж, ханилсан 14 жилийн хугацаанд дөрвөн хүүгийн эцэг эх болцгоожээ. Тэдний хамгийн бага нь ихэр. Одоо хоёр настай. Харин гурав дахь хүү А.Төгөлдөр нь ахаасаа хоёр насаар дүү, ихэр дүү нараасаа найман насаар ах. Том хүү А.Тэлмүүн нь арванхоёр настай.

Том хоёр нь сургуульд,  ихэр хөвгүүд цэцэрлэгт явдаг. Б.Анхбаярын том хүүхдүүд одоогоос гурван жилийн өмнө бутархай мөнгө цуглуулж эхэлсэн байна.

Ах дүү хоёр 2016 оны зургадугаар сараас эхлээд долоон сарын турш арав, хорин төгрөг цуглуулж 374 мянган төгрөгийг цуглуулсан талаар тухайн үед олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Тэдний тухай мэдээлэл хэсэгхэн хугацаанд нийгэмд эерэг хандлага түгээсэн юм. Тэгвэл тэд одоо юу хийж байна вэ, бутархай мөнгөө цуглуулж байгаа хэвээрээ болов уу? Багаасаа мөнгө хадгалж сурах, санхүүгийн мэдлэгтэй болж байгаа хоёр хөвгүүнтэй уулзахаар гэрийг нь зорилоо. Гэрийн эзэгтэй Д.Одончимэгийн хувьд 2018 онд "Алдарт эхийн хоёрдугаар одон"-гоор энгэрээ цоолжээ.

ТОМ ХҮҮ МААНЬ ХОЁРХОН НАСТАЙДАА АХ БОЛСОН БОЛООД Ч ТЭР ҮҮ  БАГА БАЙХЫН Л  ХЭРСҮҮ ЗАНТАЙ

Гэрийн эзэгтэй Д.Одончимэг

Тэрбээр “Том хүү маань ихрүүдийг төрсөн жилээс /2016/ мөнгө цуглуулж эхэлсэн. Ихрүүдэд өдөрт 40 мянган төгрөгөөр сүү аваад хоёр хоног л хэрэглэдэг байсан. Хэрэглээ нь их өндөр байсан юм. Том хүүгээ хичээлд нь явахад мөнгө өгөхөөр илүү гарсныг нь хоёр дүүдээ сүүг нь авч өгнө гээд хадгалж эхэлсэн. Хоёрхон настайдаа ах болсон болоод ч тэр үү  бага байхын л хэрсүү зантай. Өөрсдөө мөнгө цуглуулаад эхлэхээр хүүхэд мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг юм байна. Хүү маань хичээлийнхээ хажуугаар жүжигчний сургалтад явдаг. Сарын төлбөр нь 300 мянган төгрөг. Төрсөн өдөр ч юм уу тэмдэглэлт баяраар хүмүүсийн өгсөн мөнгийг үрэхгүй цуглуулж байгаад сургалтын төлбөрөө төлнө, хоёр дүүдээ юм авч өгнө.

Дүүгээ дэлгүүр дагуулаад орохоор 500,300 төгрөгийн чихэр байлаа гэхэд дүү нь 500 төгрөгийн чихэр авъя гэвэл чихэр л бол чихэр” 300 төгрөгийн чихэр ав. 200 төгрөг чинь мөнгө” гээд бүр багаасаа хүн заагаад өгсөн юм шиг хэрсүү зантай. Мөнгөний үнэ цэнийг арай бага насанд нь мэдрүүлээд байна уу даа гэж хааяа боддог юм” хэмээн  ярилаа.

Про Стар” Академи болох кино урлаг, драмын дугуйлангийн нүүр царай, үндсэн жүжигчин болсон өргөмжлөл

А.Тэлмүүн 28 дугаар сургуулийн долдугаар ангид сурдаг. Мөн  “Про Стар” Академи болох кино урлаг, драмын дугуйлангийн нүүр царай, үндсэн жүжигчин юм. Тэрбээр “Миний ээж  Соёл урлагийн их сургуульд жүжигчнээр шалгалт өгөөд хоёрдугаар байрт орж байсан. Яг тэр үед би хэвлийд нь бүрэлдэж байсан учраас ээж минь миний төлөө сургуулиа, өөрийн мөрөөдлөө хаясан. Тийм учраас би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж жүжигчин болохоор шийдсэн” гэж байлаа. Тэрбээр "Залуу мөрдөгчид", "Үзэсгэлэнт 12 сар", "Хүслийн шинэ жил" уран сайхны кино болон бусад богино хэмжээний кинонд амжилттай тогложээ. Түүнтэй ярилцаад суухад насандаа баймгүй хэрсүү хэзээний том залуу шиг санагдаж байсныг нуух юун.  

ХҮМҮҮС АРАВ ХОРИН ТӨГРӨГИЙГ ГАНДАНГИЙН ХАЙРЦАГ РУУ ХИЙДЭГ ЭСВЭЛ УС АВДАГ МӨНГӨ ГЭЖ БОДДОГ

Яагаад заавал задгай мөнгө цуглуулах болов?

-Би 2016 онд дүүгээсээ нууцаар задгай мөнгө цуглуулж эхэлсэн. Бүхэл мөнгө цуглуулахаар өдөртөө үрчихээд байсан. Тэгээд бүхэл мөнгө цуглуулах юм бол үрээд дуусах юм байна. Харин задгай мөнгө цуглуулах юм бол үрэхгүй хадгалах юм байна гэх бодол төрсөн. Хүмүүс арав хорин төгрөгийг Гандангийн хайрцаг руу хийдэг эсвэл ус авдаг мөнгө гэж боддог. Харин цуглуулбал мөнгө болдог шүү гэдгийг харуулахыг хүссэн.

Мөнгөө эмхэлж цэгцлэх гэж хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Хамгийн эхний жил буюу 2016 оны зургадугаар сараас эхлээд 374 мянган төгрөгийг долоон сарын турш цуглуулаад 2017 оны эхний сард мөнгөө цэгцэлж байсан. Мөнгөө эмхэлж цэгцлэхэд яг долоо хоног зарцуулсан. Дүү бид хоёр мөнгөө резинээр ороож боохоос илүү цагаан цаасыг ашиглаад банканд мөнгө боодог шиг боосон. Долоо хоногийн дараа цэгцэлж дуусчихаад мөнгөө харья гээд ээжид хэлсэн чинь  үгүй гэж байлаа. Харин  хичээлдээ яваад ирсэн чинь дүү бид хоёрын цуглуулсан мөнгөний зургийг ээж өөрийн цахим хуудаснаа тавьсан байсан. Тэгээд л хүмүүс биднийг мөнгө цуглуулдаг ах дүү хоёр гэж гадарладаг болсон. Тухайн үед цагаан сар болж байсан болохоор аав, ээждээ цагаан сарын бэлтгэлд зарцуулаарай гээд цуглуулсан мөнгөө өгсөн.  Тэд маань маш их баярласан.

-2017 онд  цуглуулахад хэдэн төгрөг болсон бэ?

-194 мянган төгрөг болсон санагдаж байна. Тэр үед фэйсбүүкээр нэг охин цусны хорт хавдартай учраас туслах хандивын аян өрнөж байсан. Нэрийг нь сайн санадаггүй ээ. Ямартай ч дүү бид хоёр тэр охинд туслахын тулд мөнгөө бүхэлдэх гээд банкуудаар явсан чинь ганцхан "Голомт" банк л мөнгө бүхэлдэж өгсөн. Мөнгөө охины данс рүү шилжүүлэхэд сэтгэл их тэнэгэр байсан шүү.

Нэг бэрхшээл нь мөнгө бүхэлдэх газар олдохгүй нь хэцүү юм даа.

-Харин тийм. 2017 оны шинэ жилээр хоёр ихэр дүү маань хатгалгаа аваад ээж дүү нарыг аваад эмнэлэгт хэвтсэн юм. Ээж заавал хэвтэж эмчлүүлэх ёстой байсан учраас бидэнтэй шинэ жил тэмдэглэж чадаагүй.

Дүү бид хоёр ээжтэй хамт баярлаж чадахгүй юм чинь ядаж гоё зүйл авч өгье гэж шийдээд цуглуулсан мөнгөө 50 төгрөгийн торонд хийгээд том, том дэлгүүрүүдээр ороод сувенир авах гэсэн чинь бид хоёрын 10, 20-тйин дэвсгэртийг аваагүй.

Харин "Өргөө" кино театрын түргэн үйлчилгээний цэгийн бэлэг дурсгалын газрын худалдагч эгч бид хоёрыг өхөөрдөөд хямдруулаад зааны сувенирыг 30 мянган төгрөгт өгч байсан. Арав, хорин төгрөгийг хүмүүс мөнгө гэж боддоггүйг гайхдаг. Адилхан л мөнгө. Чингис хааны зураггүй болохоор мөнгө гэж боддоггүй юм болов уу /инээв/

А.Тэлмүүн дүү нарын хамт

-Яагаад заавал заан сонгосон юм бэ?

-Гэр бүлээ билэгдэж заан сонгосон. Хамгийн бага зааныг ирээдүйн охин дүүтэй болохыг билэгдэж авсан. Охин дүүтэй болох уу, эсвэл дахиад нэг “бакалтай” болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. /инээв/

Ингэхэд 2019 оны мөнгөө цуглуулаад эхэлсэн үү?

-Сарын өмнөөс цуглуулж эхэлсэн. Одоохондоо мөнгөө  зурагтын доод талын шүүгээний шургуулгад хадгалж байгаа. Шургуулга намхан болохоор хоёр ихэр дүү маань унтаж байхад онгойлгоод мөнгөө цацаад дотор нь ороод тоглоод сууж байдаг. Мөнгөө багтахаа болиод ирэхээр нь эмхэлж өөр хайрцаг саванд хийнэ дээ.

 Д.Одончимэг “Хүүхдүүд маань мөнгөө цэгцлэхдээ резинээр боодог. Анх мөнгө цуглуулж байхдаа цаасаар боосон гээд ярьсан даа. Учир нь,  резин авах гэхээр 2500 төгрөг. Резин авч нэг боодол мөнгөө үрж байхаар цагаан цаасыг скочдож мөнгөө цэгцэлсэн хэрэг” хэмээн тайлбарлалаа.

НУГАРЧ, ҮРЧИЙСЭН МӨНГИЙГ ХҮНСНИЙ КАЛЬКАН ЦААС ТАВЬЖ БАЙГААД ИНДҮҮДЧИХДЭГ

А.Төгөлдөр

Харин түүний дүү А.Төгөлдөр 28 дугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг. Түүний хувьд ахынхаа ширээн дээрх  эмх замбараагүй ном дэвтэрийг янзалж байтал номынх нь голоос 5000 төгрөг унаад ирсэн гэдэг. А.Төгөлдөр  энэ үед л  ахыгаа  нууцаар мөнгө цуглуулдаг байсныг нь мэдсэн  аж.  Ингэж л тэд хамтрагчид болсон түүхтэй.  Түүний хувьд ахыгаа эзгүйд дүү нараа харж, гэрээ цэвэрлэж арын албыг ээжтэйгээ хамт хуваалцдаг.

-Та хоёр задгай мөнгөө хэрхэн  цуглуулдаг вэ?

-Талхны хариулт авахдаа хариултаа арав, хорин төгрөгөөр задлаад өгөөч гэхээр худалдагч нар зарим нь уурлана, зарим нь арав, хорьт бараг хэрэггүй гээд сольж өгөхгүй үе бий. Уг нь арав, хорин төгрөг мөнгөний тооноос хасагдаагүй байгаа ч гэсэн хүмүүс бараг хэрэглэхээ больцон. Гэхдээ цуглуулж байгаад машин байр худалдаж авсан ч болно шүү дээ. Анх дэлгүүрүүдээр ороод мөнгөө задлуулж чадахгүй болохоор гомддог байсан. Гэхдээ шантарсан ч гэсэн бууж өгч болохгүй гэдгийг л ойлгосон.

Хуучин мөнгө байна гээд  солихгүй гэх үе бий юу?

-Тийм үе бий шүү. Мөнгөн дээр юм хум  зурсан эсвэл  нугаларсан мөнгийг тоолдог  машин нь авахгүй байна гэдэг. Гэхдээ нугаларсан мөнгийг хүнсний калькан цаас тавьж байгаад индүүдчихдэг. Тэгэхээр зүгээр. /инээв/

-Цуглуулж байсан мөнгөнөөсөө өөртөө хэрэгтэй зүйл авч байв уу?

 -Би хөлбөмбөгт дуртай. Цуглуулсан мөнгөнөөсөө шилбэний хамгаалалт, гидр, хослол авч байсан.

Түүний  хувьд анх гуравдугаар ангид байхдаа будаатай шөл хийж байсан бол ах нь дөрвөн настайдаа өвөөдөө анх  цай чанаж  өгч байсан гэдэг. Цай нь их шорвог байсан хэмээн дүү нь ярьж байлаа. Тэдэнд хөгжилтэй явдал их тохиолдоно. Мэдээж цуглуулж буй мөнгөтэй нь холбоотой.

“Анх гахайндаа мөнгө цуглуулдаг байлаа. Гэхдээ гахайгаа хагалахгүй юм чинь гэж бодоод дандаа бүхэл мөнгө хийдэг байсан юм. Нэг өдөр гахайны тэр хавиар цагаан шохой болчихжээ. Гайхаад доод талыг нь харсан чинь мөнгө байдаггүй. Харин аав өглөө ажилдаа явахдаа гахай ухаад мөнгө авчихсан байсан /инээв/. Бас гэр хороололд байхад гэр бүлийнхнээсээ нуугаад хөгжмийн өсгөгч дотор мөнгөө хийдэг байсан юм. Өсгөгчөө сэгсрээд үзэхээр шар шар гэж дуугардаг даа. Гэтэл нэг л хөндий сонсогдоод болдоггүй шүү. Нээгээд үзтэл ямар ч мөнгө байгаагүй.  Тэгсэн ээж хол замд явдаг ажилтай учраас хөл нь даардаг болохоор дулаахан өвлийн гутал аваад өмсчихсөн байсан”

Харин тэдний аав Б.Анхбаяр үг дуу цөөтэй даруухан нэгэн аж.

Тэрбээр "Манай хүүхдүүд дэлгүүр яваад ирэхээр хааяа алга болчихдог юм. Тэгсэн нэг өдөр А.Төгөлдөрийн хувцас нороод шавхай болчихжээ. Юу болсныг асуутал настай эмээ хүнд юм өргөөд явж байхад нь тусалсан чинь хажуугаар өнгөрсөн машин ус цацаад” гэж билээ. Би гадаа хоёр хүүтэйгээ явахаар байрныхаа хөгшчүүлийг  бараг танихгүй харин манай хоёр хүү жигтэйхэн танина. Би хүүхдүүдээ нийгэмд үлгэр дуурайлал болсон мундаг хүмүүс болоосой л гэж хүсдэг” гэлээ.

Тэд хэнээс ч гуйлгүй хүүхдүүдээ элэг бүтэн эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байна. Тэд хэнээс дутахааргүй аз жаргалтай, “баян” амьдарч,  хэрэгцээнээс илүү гарсан багахан зүйлээ бусадтай хуваалцаж, түүнээс аз жаргалыг мэдэрч амьдардаг. Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, дэггүйтэн гүйх шулганасан балчир үрсийн минь бяцхан хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харц гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
238
ЗөвЗөв
35
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж