Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

76:1
Улайдаггүй Ч.Улаан

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Ч.Улааныг онцолж байна.


УИХ-д олон сонгогдсон парламентын гишүүдийн нэг бол Ч.Улаан. Бас ахмад, туршлагатай парламентчдын нэг. ЗХУ-д боловсрол эзэмшиж ирээд  Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1986 оноос хуучны МАХН, одоогийн МАН-тай улс төрийн гараагаа холбосон байдаг. Түүнээс хойш хэд хэдэн ч удаа дэд сайд,  сайдын алба хашиж байгаад 1996 оноос хойш тасралтгүй парламентын гишүүнээр сонгогджээ. Намдаа зүтгэсэн, хашсан албыг нь тоолбол одоогийн парламентад туршлагатай улстөрчдийн нэг. Тиймдээ ч УИХ-ын хамгийн ахмад гишүүд ахалдаг Халдашгүй байдлын дэд хороонд харъяалагддаг.  2012 оноос өмнө одоогийн МАН-даа зүтгэж яваад, нам нь тойрог өгөөгүй учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагаж, намынхаа батлахыг сэргээснээ зарлаж, сонгогдож байсан. Тухайн үед МАХН, МҮАН-тай нэгдэж  “Шударга ёс” эвслийг ч байгуулж байсан. Энэ үед хоёр жилийн хугацаанд Сангийн яамыг толгойлж байсан удаатай.  Гэвч МАХН-ын нэр хүнд унаж, 2016 оны сонгуульд ялалт байгуулах магадлал тун ховордоод ирэхийн цагт эргээд л МАН-ынхаа гишүүний батлахыг сэргээж авч, сүхбаатарчуудаас итгэл хүлээн гарч ирсэн. Энэ бүхнээс нь дүгнэхэд ясны тооцоотой хүн гэмээр. МАН-аас МАХН-д, МАХН-аас МАН-д эргэн ирж байхад нь урвагч, шарвагчаар нь цоллож байсан ч 2016 оны сонгуульд Э.Бат-Үүл баатарын хэлснээр МАН-ын бор халзан хонь байсан ч гарахаар байсан гэдэг нь Ч.Улаанаар нотлогдов уу гэмээр.

УИХ-д хамгийн олон сонгогдсон хэрнээ Ч.Улаанд “өөрийн” гэсэн тодотгол үгүй. Сонгогдох бүрдээ тодроод байдаггүй ч албан тушаал яригдахад чимээгүйхэн тодорч гарч ирэхээс өөрөө өнгөрсөн хугацааны парламентын 23 жилийн түүхэнд нь наагаад хэлчихээр зүйл тун ховор.  Ч.Улаан сайдын хувьд дэд сайд, шадар сайд, сайд, УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга гээд даргын суугаагүй даргын суудал гэж үгүй. Хамгийн сүүлд долоо дахь удаагаа буюу ХХААХҮ-ийн сайдад яригдахад нь “Намайг хүүхэд байхад Ч.Улаан сайд байсан одоо ч сайдаараа”, “Даргын ордонд төрсөн хүн” гэх шог яриа ч сошиал орчинд өрнөөд амжсан.

Ийм олон удаа суусан, туршлагыг нь харвал залуустаа үлгэр болмоор. Түүн шиг гурван ч удаа Сангийн сайдаар ажиллаж байсан хүн Монголын улстөрд лав үгүй. Хашсан сайдын алба, хууль батлалцсан өдрүүдийг нь тооцоод үзвэл тэр туршлагатай ч нэг л урагшилж өгдөггүй, өөртөө тохирсон эрх мэдлээ хариуцаад явахаас илүүтэйгээр шунадаггүй хэмээн улс төрийн хүрээнд дүгнэх нь ч бий. Гэхдээ тэр бол Монголын парламентын амьд түүх. Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойших хоёр дахь удаагийн сонгуулиас хойших бүх цаг үед хууль батлалцаж, өрсөлдөж, гүйцэтгэх засаглалд ажиллаж ирсэн нэгэн.  Түүний хувьд энэ удаагийн парламент болоод ХХААХҮ-ийн сайдын суудал хоёр нь сүүлийнх бөгөөд У.Хүрэлсүх түүнд сайдын суудал амлаж, Сүхбаатарын тойргийг нь услах болсон гэх яриа ч нам дотор нь жиг, жуг гэх юм билээ.

НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль
  • 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.

ХАШСАН АЛБАН ТУШААЛ:

  • 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
  • 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж