У.Хүрэлсүхийн хийж чадаагүй гэрийн даалгавар

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн хийж чадаагүй гэрийн даалгавар

У.Хүрэлсүхийн хийж чадаагүй гэрийн даалгавар

Олон нийтийн асар их дэмжлэг дунд Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн 365 хоног хэдийнэ улиран одож, тэрбээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд гол анхаарлаа намын дотоод зөрчилдөө чиглүүлсэн. Намдаа эхлүүлсэн түүний "цэвэрлэгээ" одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд үлдсэн нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн гэрийн даалгаварт өгөгдсөн  татварын реформ хийгдэхгүй нь нэн ойлгомжтой юм. Уг нь татварын шинэчлэлийг хийх нь Ардын засгийн гол реформ байлаа.  Монголын ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт дээр буух учиртай Ерөнхий сайдын  сэлэм намынхаа дотоод зөрчлөөс хэтэрч чадсангүй.

Хоёр Хүрлээ улс төрд хослоод жил гаруй өнгөрсөн бөгөөд энэ хугацаа бол ажил хийхгүй хүнд бага, ажил хийх хүнд их хугацаа. У.Хүрэлсүх засгийн эрхэнд гарснаар 60 тэрбумын гэх намынхаа нэг фракцийг нам дарж авахаас өөрөөр юу ч хийсэнгүй гэсэн сөрөг хүчний шүүмжлэл үнэний ортой юм. Харин ч түүний засаглалын жилүүдэд хүн төрийн яаманд хүний амины хэрэг гарсан, жижиг дунд үйлдвэрлэгчдэд оногдох мөнгийг албан тушаалтнууд хувааж идсэн, бүлэг нь хагарсан, намынх нь зөрчил улсаа нураахад хүрсэн гэх тодотголууд дагалдах  биз.

Ард иргэдийн амьжиргаа муудаж, шатахууны үнэ тэнгэрт хадаж, валютын өсөлтийг барьж чадахаа больсон гээд эдийн засагт сөрөг үр дагаврууд хоёр Хүрлээгийн хосолсон цаг хугацаанд бичигдэх ч биз. Хөрөнгө оруулагчдаа үргээсэн, өмчийг дээрэмдсэн, хуульгүй он жилүүд У.Хүрэлсүхээр "овоглоно".

Тэрбээр хамгийн сүүлд /2019.01.16/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудын тусгай зөвшөөрлийг хураана гэдгээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн, хамгийн, хамгийн муу мессеж болов. Улсаараа туг тахих хэмжээний ийм мэдэгдлийг Уго Чавес мэтийн дарангуйлагчид л хийдэг биз.

Гэтэл хөрөнгө оруулагчдыг татаж тэдэнд таатай бизнес, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж амлах ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн зөвхөн өс хонзон ярьж, өнөөдрийн улс төрөөсөө хэтэрсэн нүүдэл хийж чадахгүй байна.

Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Сүүлийн жилүүдэд солонгорсон эдийн засаг мөрөөдсөн ч бүтээгүй. АН-ын үед авсан бондоороо зам тавьж, импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихэд анхаарлаа хандуулаагүй бол, НӨАТ-ын шинэчлэлийг хийгээгүй бол төсөв ашигтай гарахгүй байсан. Чухамдаа нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өссөн, НӨАТ-ын шинэчлэлээр татварын орлого нэмэгдсний буяныг  Ардын засаг эдэлж байгаа хэрэг. Судалгаанаас  харахад сүүлийн арван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай, худалдаа, хөнгөн үйлдвэрийн салбаруудад орсон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг  хувиар өсөхөд урт хугацаанд ажилгүйдлийн түвшин 0,5 хувиар буурч, дундаж цалингийн хэмжээ 0,65 хувиар нэмэгддэг аж.

Засгийн газар “Гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж “Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, Ирээдүйн өв сан, Баялгийн сангуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөөс бусад салбарт хөрөнгө оруулна” гэдгээ жилийн өмнө зарлаж байсан  Гэвч,  төр засгийнхны  гаргаж буй аливаа шийдвэр  хууль, тогтоомжууд дээрх бодлогынхоо эсрэг, хөрөнгө оруулагчдад халтай байх шийдвэрүүд байв. Товчхондоо, уул уурхайн салбараа хөгжүүлэхгүй, хөрөнгө оруулалтыг нь зогсооё гэх мессежийг өгөв.

Түүнчлэн бизнес эрхлэгчдийн дунд хамгийн их хүлээлт болж буй татварын багц хуулийн шинэчлэлт хоёр чуулганыг дамжсан ч одоогоор гишүүдийн ширээн дээр тоосонд дарагдаастай. Хэзээ сөхөж, хэзээ чуулганаар хэлэлцэхийг хоёр Хүрлээгийн улстөр хаана хүрээд зогсохоос хамааралтай байх биз.  ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын  татварын хөнгөлөлт үзүүлэх юм. Цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан. Гэвч намрын чуулган завсарлах дөхсөн үлдсэн өдрүүдэд тэрбээр М.Энхболдыг "давах"-ад л гол анхаарлаа хандуулах биз. Ингэхээр татварын реформ намрын чуулганаар л лав хийгдэхгүй байх, бүү хүлээ. Намрын чуулган мөн л сандал суудал хэлэлцсээр байгаад дуусах биз. УИХ бүр тарж мэдэх байдал ч үүссэн.

УИХ-ын хүлээлгийн танхимд байгаа татварын багц хуулийн батлуулчихсан бол У.Хүрэлсүхийн гавъяа нь тэр болох байв, уг нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж