"Миний бичсэн зохиолыг 11 улсад ашигладаг"

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

"Миний бичсэн зохиолыг 11 улсад ашигладаг"

"Миний бичсэн зохиолыг 11 улсад ашигладаг"

Цохивор хөгжимчин Нямдаваагийн Бямбадорж 1995 онд Улаанбаатар хотод төржээ. Одоо Сөүлд амьдардаг тэрбээр БНСУ-ын Үндэсний их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан.

Тэрбээр 2013 онд Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг төгссөн. Сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркестарт нь нэг сарын хугацаатай ажиллаж, Монголынхоо "Виртуоза 2013" тоглолтод урилгаар тогложээ.

Өдгөө 24 настай залуу хөгжимчин Н.Бямбадорж энэ сарын 12-17-нд Хонконг хотноо зохиогдсон "TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадамд тэргүүн байр эзэлсэн юм. Уралдаанд дэлхийн олон орноос 500 гаруй хүн материалаа явуулснаас, цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар гэнэтийн шалгаруулалтад манлайлсан юм. Уралдааны эцсийн буюу гэнэтийн шалгаруулалтад түүний хамт Америк, Хятад, Тайланд, Макао, Германы хөгжимчид тэнцсэн аж.  Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан залуу уран бүтээлчтэй цахим хуудсаар нь холбогдож цөөн асуултад хариулт  авлаа.

-Олон улсын хөгжмийн наадамд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Таныг цохивор хөгжимтэй 11 жил "найзалсан" гэж сонслоо. Энэ хөгжмийг яагаад сонгох болсон юм бэ?

-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Хөл бөмбөгчин болно гэж боддог байсан болохоор өглөө нь гэрээсээ гараад орой ирдэг байсан юм. Тухайн үед хөл бөмбөгийн шигшээ багт хаалгач хийдэг. Миний хөгжимд дуртай, тоглох авьяасыг нагац эгч алдарт хуучирч хөгжимчин Бодьсүрэн багш маань олж харснаа “Цагийг дэмий өнгөрүүлж байхаар ийм сайхан авьяасыг хөгжүүл” гээд  Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн босгоор алхуулж байлаа. Анх 2008 онд цохивор хөгжимд суралцсан. Тухайн үед Зоригт багшийн удирдлага дор энэ хөгжмийг тоглож эхэлсэн. Анхандаа тоглож мэдэхгүй байсан ч явцын дунд хөгжим бид хоёр нэгийгээ илүү ойлгох болсон. Би урлагт ороод хувь хүний хүмүүжлийг олж авснаас гадна зан ааш, эргэн тойрон дох бүх зүйл минь өөрчлөгдсөн гэж боддог.

-Тэгэхээр цохивор хөгжимтэй холбогдсон нь хувь тавилан гэж боддог уу. Эсвэл та энэ хөгжмийг сонгосон гэж үздэг үү?

-Хувь тавилан байх гэж боддог. Цохивор хөгжим нь дотроо маш олон урсгалтай төрөл юм. Жишээ нь, сонгодог төрөл, бөмбөрийн үзүүлбэр, үндэсний хөгжмийн цохивор хөгжим гэх мэт бүгд бие даасан тусдаа урсгал юм. Гэвч манайд өнөөдөр энэ бүхнийг тус тусад нь заах боломжгүй, боловсон хүчин дутагдалтай ч бид өөрсдөө энэ хөгжмийн төрлийн хөгжүүлж чадаж байна гэж хардаг. Бид цохивор хөгжмийн чуулга гэх том баг бүрдүүлсэн нь дэлхийд энэ салбарт нэг алхам ч гэсэн урагшлах давуу тал болж байна. Миний хувьд сонгодог оркестар төрлөөр мэргэшиж байгаа.

-“Toolbox 2019” аcademy олон улсын хөгжмийн наадамд оролцох үед хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улс байв?

-Цохивор хөгжим нь улс үндэстэн бүрт өөр, өөрийн өнгө төрх, онцлог, ялгаатай. Наадмын үеэр АНУ болон Герман хүчтэй өрсөлдөгч байсан. Миний давуу тал бол Монголдоо ОХУ-ын арга барилыг эзэмшиж, 2013 онд оюутан солилцоогоор АНУ-ын Сан Франциско хотын Стэнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркестарт ажиллахдаа хөгжмийн урсгал, жанр, стилийг нь бага ч болов ойлгож, одоо Өмнөд Солонгост Германы арга барилыг суралцаж, энэ төрлөөр мэргэшиж байна. Тэмцээний үеэр шүүгчид надад азид биш европт сурч өөрийгөө задал гэж зөвлөж байсан нь их сайхан санагдсан.

-Германы цохивор хөгжмийн арга барилаас суралцаж, энэ төрлөөр суралцаж байна гэлээ. Тус улсын хөгжмийн урсгал, чиг хандлага нь ямархуу гэсэн үг вэ?

– Цохиворын барилтаас эхлэн тоглох арга барил нь урлагийн хэллэгээр аяар тоглох буюу төгөлдөр хууртай хослуулан тоглодог. Үгээр тайлбарлах хэцүү л дээ. Тоглож байж л ялгааг нь ойлгоно. Ерөнхийдөө бол зөөлөн. Оросын цохивор хөгжмийн аялгуу, тоглолт нь хатуу байдаг гэсэн үг.

Таны хувьд эх орондоо ирээд урлагийн салбарт юуг хийж бүтээе гэсэн хүсэл зорилготой байдаг вэ?

Би ирэх жил БНСУ-ын Үндэсний их сургуулийн ахлах курст орно. Мэдээж сургуулиа төгсөөд эх орондоо ирээд урлагийн салбартаа түлхэц болох, дутууг нь нөхөх уран бүтээл хийнэ. Миний хувьд удирдаачийн боловсон хүчин дутагдалтай санагддаг.

– Дэлхийн өнцөг булан бүрт Монгол хүний оюун ухаан, авьяас билэг, хүчирхэг хоолой олон улсад гайхагдах боллоо. Үүнийг та хувь хүний зүгээс болон мэргэжлийн нүдээр хэрхэн харж, дүгнэж байна?

Монгол хүн аливаа зүйлийг маш хурдан сурдаг төдийгүй гүйлгээ ухаан өндөр хүмүүс.  Бид залхуурлыг давж, урдаа зорилго тавьж хөдөлмөрлөж байгаа болохоор л дэлхийд Монголын нэр танигдаж байгаа байх. Эх орны минь нэр дэлхийд өндөрт гарч байгаа нь сайшаалтай. Тиймээс ч сарын 7000 ам.долларын цалингаас эхлэх санал бидэнд тавих нь энгийн үзэгдэл ч Монгол оюутнууд бид эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, мөнгө чухал биш гэдгийг мэдэрсэн хүмүүс. Монголд ч бас удахгүй улс орны нүүр царай урлаг гэдгийг мэдрэх тэр цаг удахгүй ирэх байх.

– Цохивор хөгжим тоглохоос гадна хөгжмийн зохиол бичдэг гэсэн үү?

– Би сонирхлоороо Тимфани хөгжимдөө зориулан зохиол бичдэг. Одоогоос гурван жилийн өмнө 2015 онд анх тоглогдсон зохиол маань одоо 11 улсад урлагийн сургуульд тоглогдож байгаа. Анхны хөгжмийн зохиолоо 2014 онд бичсэн. Мөн Франц улсын алдарт цохивор хөгжимчин, хөгжмийн зохиолч Эрик Саммиут миний бүтээлийг эх орондоо тоглуулахаар ирж, авч явсан.

Таны хувьд бүтээлээ хэрхэн судалж, бэлтгэлд хэдэн цагийн зарцуулж байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Урлагийн салбарт суралцдаг оюутнууд маш их судалгаа хийх хэрэгтэй болдог. Оюутнууд ихэвчлэн интернет ашиглан youtube-ээр бусдыг харж, даган дуурайх тохиолдол байдаг. Интернэт их ашиглах тусам өөрийн дотоод ертөнцийг бий болгох боломж хязгаарлагдана. Би гэхэд Бетховены алдарт есдүгээр симфонийг оркестартай тоглохоор болоход Берлиний филармоныг сонссоныхоо дараа АНУ-ын симфони, оркестарыг сонсч харьцуулдаг. Учир нь Берлиний оркестар утсан хөгжмийг гайхамшигтай тоглодог. АНУ-ынх үлээвэр хөгжмийг гайхалтай тоглоно. Энэ бүхнээс дүгнэлт хийж, бэлтгэлээ хийдэг. Өдөрт найман цагийг бэлтгэлд зарцуулдаг. Чөлөөт цагаа ганцаараа хотуудаар болон үзэсгэлэнт байгалиар аялж, гэрэл зураг авч өнгөрүүлдэг. Өөрийгөө сайн гэрэл зурагчин ч гэж дүгнэдэг.

-Ярилцсанд баярлалаа

Н.Бямбадоржийн амжилтуудаас дурдвал 2014 онд БНСУ-ын Сачион хотын Олон улсын бөмбөрийн их наадамд улсаа төлөөлөн оролцсоноос гадна, 2012 онд Ж.Чулууны нэрэмжит Олон улсын үлээвэр цохивор хөгжмийн уралдааны хоёрдугаар байр, 2013 онд Монголд мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн уралдаанд дэд байр тус тус эзэлж байсан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын урлагийн сургуулийн Симфони оркестар их наадам болон Германд зохиогдох хөгжмийн их наадамд оролцохоор төлөвлөж, бэлтгэлээ базааж эхэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж