Туркийн хөрөнгө оруулалттай байсан "Эмпати" сургууль германчуудын мэдэлд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн хөрөнгө оруулагч нь германчууд болсон байна. Монголын эцэг, эхчүүд хүүхдээ сургахыг чухалчилдаг "Эмпати" сургуулийн цор ганц хөрөнгө оруулагч нь Вэйсел Акчай байсан юм. Тэрбээр Туркийн террорист ФЕТО бүлэглэлтэй нэр холбогдож, түүнийг Монголоос баривчлах гэсэн оролдлого өнгөрсөн жилийн дуулиант үйл явдлын нэг байлаа.
Хэрэг явдал өнгөрсний дараахан Вэйсел Акчай Монголыг орхин явсан талаар Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн агентлагийн дарга Д.Мөрөн тодотгосон. Тэрбээр сайн дураараа Монголоос гарч явсан уу, эсвэл түүнийг манай улсыг орхин явахаас өөр аргагүй дарамт шахалтад Турк болон Монголын удирдлага, хууль хүчнийхэн оруулсан уу гэдэг сонирхол татаж буй. Ямартай ч Вайсэл Акчай Монгол Улсаас яваад хоёр сар болох гэж байна.
ФЕТО бүлэглэл нь 2016 оны долдугаар сард Турк улсад цэргийн эргэлт хийх оролдлого гаргаж, улмаар бүтэлгүйтсэн юм. Энэ цагаас хойш өнөөдрийн хүртэл Туркийн Засгийн газар дээрх бүлэглэлтэй тэмцэж байна. Дээрх үйл явдалтай холбоотойгоор дэлхийн 179 оронд салбараа нээсэн турк сургуулиудын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Ингээд дэлхийн зарим улс орон турк сургуулиудыг хааж, нөгөө хэсэг нь улсынхаа харьяанд авч, эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгч эхэлсэн юм.
Харин Монгол Улсад Туркийн хөрөнгө оруулалттай "Эмпати" сургууль нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийд салбартай. Монгол Улсын Засгийн газар эдгээр сургуулийг шууд хаачихаагүй ч хөрөнгө оруулагч Вэйсел Акчайтай холбоотойгоор сургуулийн нэр хүнд болон төгсөгчдийн асуудал хурцаар хөндөгдөх болсон билээ.
Энэ талаар Монгол Улсад суугаа БНТУ-ын Элчин сайд М.Ахмет мэдэгдэхдээ “Энэ асуудал дээр Монголын тал шийдвэрээ гаргах ёстой. Нэг бол Монгол Улсын өөрийн улсын харьяа сургууль болгох эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ сургуулийн сургалтын төлбөрийн зардал гэхэд л 35-40 сая ам.доллар эргэлддэг. Энэ мөнгө ‘ФЕТО’ бүлэглэлийг санхүүжүүлэх хэрэгсэл болж байж магадгүй гэж бид хардаж байгаа юм. Мөн Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болж ойлгогдож байна" гэсэн тайлбар тухайн үед өгч байлаа.
Тэгвэл "Эмпати" сургууль нь Монгол-Германы хөрөнгө оруулалттай сургууль гэсэн статустай болжээ. Энэ талаар бид Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад, “Эмпати" сургууль нь Монгол Улс дахь хувийн сургууль юм. Өмчлөгчдийнх нь мэдэгдсэнээр тэд Германд төвтэй аж ахуй нэгж байгуулж, тус сургуулийг хариуцуулж өгсөн байна.
Холбооны Засгийн газар ч, Германы бусад төрийн байгууллага ч эдгээр сургуульд хувь эзэмшдэггүй, ямар ч оролцоогүй байна. Эдгээр сургуулийн талаарх өөр мэдээлэл Германы Элчин сайдын яаманд алга байна” гэлээ.
Өөрөөр хэлбэл, германы хувийн сургууль болж өөрчлөгджээ. Мөн Улаанбаатар "Эмпати" сургуулийн хуулийн зөвлөхөөс дээрх асуудлыг тодруулахад, “Эмпати" сургууль нь 2017 оны тавдугаар сард Германы хөрөнгө оруулалттай болсон. Өнөөдөр Монгол-Германы хамтарсан "Эмпати" сургууль гэсэн статустай явж байгаа. ХБНГУ-ын Төрийн байгууллагууд үүнд огт хамааралгүй. Бизнесийн зарчмаар явагдсан асуудал, Германы хөрөнгө оруулагч "Эмпати" сургуулийн хувьцааг худалдаж авсан гэсэн үг юм. Хөрөнгө оруулагч нь Герман болохоор сургалтын хөтөлбөр, агуулгад тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Мөн Улаанбаатар "Эмпати" сургуулийн захирлаар Д.Ганбаатар гэж хүн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Монгол Улсын Боловсролын салбарт хувийн хэвшлийн сургуулийн үндэс суурийг ч турк сургуулиуд л тавьж байсан гэвэл хилсдэхгүй. Туркийн хөрөнгө оруулалттай сургуулийн сургалтын чанарт эцэг эхчүүд болон суралцагчид ч сэтгэл хангалуун байдаг бөгөөд өнөөдөр тус сургуулийн төгсөгчид манай улсын залуучуудыг манлайлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзлээд явж байна. Сургуулийн болон хөрөнгө оруулагчийнх нь талаар таагүй мэдээлэл гарсантай холбоотойгоор төгсөгчдийн хувь заяа бүрхэг байсан ч ийнхүү асуудал шийдэгдсэн бололтой.
Холбоотой мэдээ