АН-ын бүлгийн сүүлчийн гарын үсэг

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн сүүлчийн гарын үсэг

АН-ын бүлгийн сүүлчийн гарын үсэг

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дээр өнөөдөр болж байгаа үйл явдлыг харахад гишүүдийн хоорондын үл итгэлцэл, маргаан тэмцэл, хувь хүнийхээ хувьд би биеэ гүтгэн доромжлох, дайрч давшлах асуудал хэрээс хэтэрч байгаа. Энэ бүх үйлдэл Монгол төрийг үнэлэх үнэлэмжийг улам бууруулж байгаа нь гарцаагүй үнэн юм. Тиймээс өнөөдөр бид хуралдаад цаашид АН-ын бүлэг ямар байр суурин дээр байх вэ гэдгээ ярилцлаа. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас эхлэн мөрдөгдөхөөр шийдвэр нэгэнт гарсан. Гэхдээ гарын үсэг зурах ажиллагаа гэдгийг урьдчилан хийж байх шиг байна. Гарын үсэг зурахдаа гишүүд хэн нэгний шантааж, дарамт шахалтаар биш өөрсдийн итгэл үнэмшлээр зурах байх гэж найдаж байна. АН-ын бүлэг нэг л байр суурин дээрээ байгаа. Өнөөдөр УИХ тарж ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэж энэ чуулганаар магадгүй эцсийн удаа гарын үсэг зурсан байх аа гэж би ойлгож байгаа. Цаашид ямар нэгэн үйл явц дээр АН-ын бүлэг гарын үсэг зурахгүй” гэж мэдэгдлээ. Мөн “УИХ-ын даргыг огцруулах энэ хуулийн үндэслэл, өргөн барих бичиг дээр гишүүд гарын үсгээ зурах нь тухайн МАН-ын гишүүдийн өөрсдийнх нь асуудал гэж ойлгож байгаа” гэснээрээ МАН-ынхан өөрсдийн гараар намынхаа сонгуулийн амжилтыг “булшилсныг” тунхаглаж, АН-ынхан “Бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-ыг огцруулах асуудлыг ч гэсэн хуулийн хүрээнд явж байгаа учраас дэмжиж гарын үсэг зурлаа” гэв.

Өөрөөр хэлбэл, АН цаашид төрийн эрх барих дээд байгууллагаар “тоглоход” оролцож чадахгүй. Төрийн эрх барих дээд байгууллага “муухай” харагдаад байгааг эртнээс хэлсэн учраас цаашид УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгууль явуулах ганцхан гарцыг л сонгоно. Тиймээс МАН-ынхны гарын үсэг “гуйсан” цаас болгон дээр АН-ын нэр хүндийг төлөөлж сараачаад байж чадахгүй гэдгээ хэлчихлээ.

Үнэндээ санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь УИХ тарах нь зүйтэй гэж үзсэн нь УИХ-ын даргын ч асуудал, УИХ-ын өөрийн үйл ажиллагааны ажил ч мөн гэдгийг АН-ын бүлгийн дарга “эртхэн” хэлсэн нь зүйтэй юм. Буруу замаар хол явах тусмаа буруудна. Тиймээс АН-ын бүлгийн “сүүлчийн гарын үсэг” 2016-2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын нэр хүндийн төлөө байлаа…

Тиймээс УИХ хуулийн хугацаагаараа хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хоног хуралдах хуулийн заалттай. Хэрэв УИХ-ын даргыг огцруулах хугацаа сунжирвал АН-ын бүлэг ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад энэ асуудлаа нэг тийш нь цэгцлэх ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгийг Д.Эрдэнэбат хариу мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд өөрийгөө тус бүлгээс ангид байлгах, мөн УИХ дахь АН-ын бүлгийг чадамжгүй гэдгийг удаа дараа хэвлэл мэдээллээр зарласан. Хөндлөнгөөс харахад Л.Болд АН-ын бүлгээс зугтаад, бүлгээ  чадамжгүй болгохын төлөө УИХ-ын чуулганы индрээс харахад ч муухай байна. Харин энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Л.Болд гишүүн бие дааж нэр дэвшээгүй. АН-ын квотоор нэр дэвшиж, АН-ын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүний суудалд суусан гэж ойлгож явдаг. Тийм учраас Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрэмд нийцсэн өргөдөл гаргах үүрэгтэй. Эхний гаргасан өргөдөл нь үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг бид хэлсэн.  Л.Болд гишүүн нэгдүгээр сарын 17-нд Үндсэн дүрмийн хүрээнд, анхан шатны байгууллагад хандан  дахин өргөдлөө гаргасан байна. Энэ өргөдлийг АН хүлээж авсан. Одоо АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд шийдэх асуудал үлдсэн. Хэрэв АН-аас Л.Болд гишүүнийг намаас чөлөөллөө гэдэг шийдвэрийг албан ёсоор УИХ дахь АН-ын бүлэгт ирүүлбэл бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэсэн юм. Харин Ж.Батзандан гишүүнийг АН-аас хассан шийдвэр гарсан. Ийнхүү хассан ба чөлөөлөгдөөгүй хоёр гишүүний асуудал эцэслэгдээгүй ч АН-ын бүлэг “амармааргүй” байна. Намрын чуулган эхэлснээс хойш зөвхөн Төсвийн тухай хуулийг л хэлэлцэж баталлаа. Өөрөөр, нийгэм, эдийн засгийн шинжтэй ямар ч хууль батлагдсангүй. Хүлээгдсэн хууль олон байна. Адаглаад хоёр сайдаа томилж чадсангүй. Ашигт малтмалын тухай хууль эргэлзээ төрүүлэн хуулийн үйлчлэлгүйгээс болж алт тушаалт саатаад байна. Энэ мэтчлэн тулгамдсан, шийдэгдээгүй олон хуулийн асуудал хуримтлагдаж байгааг УИХ зайлшгүй шийдвэрлэх ёстой. Ард иргэдийн өмнө үүрэг хүлээсэн л юм бол УИХ завсарлахгүйгээр цаашаа хуралдах ёстой” гэдгийг анхааруулсан юм.  Энэ бол парламентаас ойрын үед дуулдаагүй эрүүл шаардлага, эрүүл байр суурь байв.

“Хагарсан аяга эргэж нийлдэггүй” шиг тарж бутарсан энэ парламенттайгаар ирэх сонгуулийг хүргэх байтугай нэг долоо хоногийг ч барахад хүнд болж байна. Тиймээс төрийн талаарх сөрөг үнэлэмжид төгсгөл тавихыг хүсвэл АН-ын бүлгийн шийдвэр зөв байх. Энэ бол АН-ын бүлгийг Ардчилсан намыг гэхээсээ илүү Ардчилсан парламентыг аврах үнэ цэнтэй сүүлчийн гарын үсэг байж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж