Өнгөрсөн жил 78 хоногийн турш ганцаараа манай орны говь, талаар 1500 бээр газрыг явган туулсан “Ганцаардмал ирвэс” хочтой Хойд Вэйлсийн уугуул Эш Дайкс Их Британийн оны шилдэг аялагчийн нэр хүндтэй шагнал гардсан тухай “Дэйли мэйл” сонин мэдээллээ.
Тэрээр гадаад орнуудаар аялсан 39 өрсөлдөгчөө ардаа хол хаян хамгийн олон санал авснаар энэ шагналын эзэн болсон байна. Глазго хотын “Grand Central Hotel” зочид буудалд болсон шагнал гардуулах ёслолын үеэр дэлхийн хоёр туйлд анхлан хүрсэн алдарт аялагч Ранулф Финнес 24 настай түүний аяллыг үнэлэн “Өөртөө дэндүү итгэлтэй хүн л ингэж чаддаг” юм гэжээ. Ёслолын үеэр Монголын дипломат түүнд монгол үндэсний цом, жаазтай гэрчилгээ гардуулсан байна.
Эш Дайкс 19 настайгаасаа адал явдалт аялалд дурлан Альпийн нурууг явганаар туулж Бирмийн ширэнгэн ойд тусгаарлагдсан омгийнхонтой уулзаж туршлагатай аялагч аж.
Түүний Монголд хийсэн явган аяллын гэрэл зургуудаас “Дэйли мэйл” сонин нийтэлжээ.
1. Эш Дайкс Монголоор явган аялахдаа өөрийн гараар хийсэн тэргээ чирж явжээ.
2. 120 кг жинтэй тэрхүү тэргэнд бяцхан майхнаас авахуулаад замд шаардлагатай бүхнээ тээж байсан аж.
3. Түүний аялал ихэвчлэн хүн, амьтангүй онгон зэлүүд нутгаар өнгөрчээ.
4. 78 хоног аялсны эцэст тэрээр Монголыг явганаар хөндлөн гулд туулсан анхны хүн болсон юм.
5. Говийн элсэн шуурга, аагим халуун наранд түүний арьс түлэгдсэн аж.
6. Эш Дайкс нэг өдөрт 14 цаг алхахдаа 34 бээр газар туулсан нь бий.
7. Тэрээр хот суурин газраас 25 литр цэвэр ус, хоол хүнсээ байзаагаад дахин замд гарахад бэлэн болжээ.
8. Эш Дайкс Монголын дорнод хязгаарт Их Британи болон төрөлх Вэйлсийнхээ далбааг намирууллаа.
Т.АНУ