Орос, Японы хооронд Курилын арлуудын маргаан өрнөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл энэ асуудал шийдэлд хүрч чадахгүй байсаар байгаа билээ. Газар нутгийн маргаанаа шийдвэрлэж энхийн гэрээ байгуулах асуудлыг түргэвчлэхээр санал нэгдээд байгаа ч хоёр тал аль аль нь байр сууриа хадгалсаар байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр өнөөдөр /2019.01.21/ Орос улсыг зорьж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Курилын дөрвөн арлын хоёрыг нь Японы талд шилжүүлнэ гэвэл энхийн гэрээ байгуулахад бэлэн хэмээн Ням гаригт /2019.01.20/ мэдэгдсэн байна.
ЗХУ болон Японы 1965 онд байгуулсан тунхаг бичгийг үндэслэн Шикотан болон Хабомаи хоёр арлыг өөрийн талд үлдээх боломжтой гэж Японы засгийн газар үзэж байгаа юм.
Харин өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Курилын арлууд бол ОХУ-ын хууль ёсны өмч мөн” хэмээн мэдэгдсэн ба маргаантай байгаа бүс нутгийн иргэд Курилын арлуудыг Японы талд өгөх хүсэлгүй байгаагаа илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Мөн Москва хотноо Ням гаригт /2019.01.20/ мянга гаруй хүн цугласан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ.
Эх сурвалж: JAPANTIMES
Холбоотой мэдээ