Мексикийн хил дээр хана барих 5.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгахыг эсэргүүцсээр байх юм бол олон сая хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргана гэдгээ Д.Трамп хэллээ.
Хууль бус цагаач, дүрвэгсэд, хар тамхи хилээр орж ирэхийг зогсоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнөд хил дээр хана бариулах санаачилга гаргасан ч Конгресс дахь Ардчилсан намын гишүүд санхүүжилтийг нь батлахаас татгалзсанаар АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа “шатдаун” буюу хэсэгчилсэн түр зогсолт хийх болсон. АНУ-ын түүхэнд хамгийн удаанд тооцогдох энэ удаагийн “шатдаун” нь 31 дэх өдрөө үргэлжилж байна.
Засгийн газрын үйл ажиллагааг дахин сэргээж, төсвийн хямралыг даван туулах саналыг Д.Трамп боловсруулсан ч Конгресс дахь Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси үүнийг няцаагаад байгаа юм. Тус саналыг Д.Трамп өнгөрөгч Бямба гаригт /2019.01.19/ танилцуулсан бөгөөд үүнд бичиг баримтын зөрчилтэй, хууль бусаар АНУ-д оршин сууж байгаа цагаачдад албадан гаргахаас хамгаалах баталгаа олгох тэргүүтэй асуудлууд тусгагдсан байв. “Нанси Пелоси болон Ардчилсан намын бусад гишүүд хууль бус цагаачдын үйлдэж буй гэмт хэрэг, хар тамхины хэргүүдийг үл хайхран, зөвхөн 2020 оны сонгуульд л санаа зовж байна” хэмээн Д.Трамп шүүмжилсэн юм. Өмнөд хил дээр хана барих төсвийг батлахгүй бол хүний эрхийн асуудлуудыг үл тоон АНУ-д амьдарч байгаа 11 сая хууль бус цагаачдыг албадан гаргах болно хэмээн Д.Трамп Нанси Пелосид хандсан хариу мэдэгдэлдээ онцолжээ.
Харин Д.Трампын энэхүү үгэнд хариу барьж Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси “Засгийн газрын үйл ажиллагаа зогссоноос болоод 800 мянган төрийн албан хаагч цалингүй үлдсэн. Эхлээд төрийн хэргээ цалгардуулалгүй явуулаад, дараа нь хилийн аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлаар ярилцъя” гэв.
Төсвийн асуудлыг шийдэж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах Д.Трампын саналд тусгагдсан бас нэг асуудал нь АНУ-д ирсэн насанд хүрээгүй дүрвэгсдэд нийгмийн халамж, туслалцаа үзүүлэх явдал байв. Харин Д.Трампын энэхүү саналыг Ардчилсан намын гишүүд “Цагаачдад өгөөмөр хандахаа барьцаа болгон Мексикийн хил дээр хана барих санхүүжилт гаргуулах нь зохимжгүй” хэмээн няцаажээ.
Эх сурвалж: Independent.co.uk
Холбоотой мэдээ