Түрээсийн орон сууцны үнэ 1 ам метр нь 6500 төгрөг

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцны үнэ 1 ам метр нь 6500 төгрөг

Түрээсийн орон сууцны үнэ 1 ам метр нь 6500 төгрөг

Утаа униараас хол, хямд, чанартай орон сууцанд амьдрах нь нийслэлчүүдийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр байршлаасаа шалтгаалаад орон сууцны нэг метр квадратын үнэ 1.6-3.6 сая төгрөг байна. Өрхийн орлого, цалин хаанаа ч хүрэлцдэггүй иргэд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах, эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж байна уу гэдгийг эрэлхийлж байдаг.

Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-иас хэрэгжүүлж байгаа “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан ч хойшилсоор жил болжээ. Одоогоор барилгын ажил 85 хувьтай явж байгаа бөгөөд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгээгүй байгаа гэж албаны хүмүүс тайлбарлалаа.

Салбар яамнаас уг сууцыг түрээсийн хэлбэрээр ашиглуулахаар төлөвлөж байсан ч Засгийн газар эцэслэн шийдээгүй байгаа аж.  Учир нь "Буянт ухаа-II" хорооллоос гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа юм. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Одоогоор түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж эхлээгүй байна.  Түрээсийн орон сууц ашиглалтад орсон тохиолдолд Засгийн газар дээрх барилгыг орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг ажээ.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫН БАРИЛГА ЦАГААН САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРНО

Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Батболдтой цөөн хором ярилцаа.


-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн барилгын ажил ямар шатандаа яваа вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 1500 айлын орон сууцыг ТОСК-иар дамжуулан хөдөө орон нутаг болон нийслэлд түрээсийн орон сууцын санг бий болгосон. Түрээсийн орон сууцын барилгын ажил 85-90 хувьтай байгаа. Иргэдээс түрээсийн орон сууцыг түрээслэх явцдаа өмчилье гэсэн хүсэлт маш их ирдэг. Бид судалж үзээд цаашдаа гурван хувилбартай болгохоор ажиллаж байна.

Тухайлбал, урьдчилгаа бүрдүүлэн ипотекийн зээлд хамрагдах, урт хугацаанд түрээсэлж байгаад өмчлөх, маш бага төлбөр төлөөд түрээсийн орон сууцанд тодорхой хугацаанд амьдрах гэсэн хувилбартайгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 Мөн Засгийн газраас журам, тогтоолын төслийг боловсруулж байгаа.

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг ямар байдлаар зохицуулалт хийж, сонгох юм бол?

-Энэ онд нийт 1542 айлыг орон сууцанд хамруулна. Үүний 942 нь нийслэлд бий. Уг асуудлыг аймаг, нийслэлийн засаг дарга нар зохион байгуулж орон нутгийн болон түрээсийн орон сууцын санг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Тухайн барилга ашиглалтад орвол иргэдийг ямар журмаар бүртгэх, ямар зохицуулалт хийхийг төрөөс шийдвэрлэнэ.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгож байгаа гэх мэдээлэл бий. Үүнд дэлгэрэнгүй хариулт өгөөч?

-Нийтдээ 1542 айлын орон сууц баригдаж байсан. Энэ орон сууц нь санхүүжилтгүйн улмаас түр зогссон бөгөөд барилгын үлдэгдэл болох 40 хувийг Хөгжлийн банкнаас зээл болгон гаргаж байгаа. Тухайн барилга ашиглалтад орж иргэдэд түрээслэх хугацаанд улс Хөгжлийн банкны өрийг төлөх шаардлагатай болно. Үүнээс болоод санхүүгийн механизмтай холбоотой зарим  журмыг өөрчилнө. Бид эцсийн байдлаар журмын төслийг нарийн судалж гаргана. Засгийн газрын шийдвэрээс бүх юм хамааралтай. Хэрэв орон нутагт санхүүжилттэй бол тухайн орон нутаг түүнийгээ түрээслэх, өмчлөх, эсвэл иргэдээ хямд үнээр борлуулах уу гэдгийг өөрсдөө шийдэх юм. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилнэ.

-Барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Барилга энэ цагаан сарын дараа ашиглалтад орох болов уу. 2018 оны гуравдугаар сараас хойш дулаан өгөхгүй гэх Эрчим хүчний сайдын тушаал гарсан. Одоогоор дотор заслын ажил удааширсан, зогсонги байдалтай байна.

-Өмнө нь материалаа өгсөн иргэд хэзээ хариу сонсох бол?

-Одоогоор иргэдийн материал хүлээж авахгүй байгаа. Яагаад гэхээр түрээслүүлэх бэлэн орон сууц ашиглалтад ороогүй байна. Тэгэхээр иргэдийн хүсэлтийг дахин авна. Зарим иргэний материалыг хоёр жилийн өмнө авсан байлаа гэхэд одоо зорилтот зорилтот бүлэгт хамаарахгүй, боломжтой болсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тухайн цаг үедээ хамаарах зорилтот бүлэг гэсэн хүмүүс түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдана гэж заасан. Тухайн барилга маань ашиглалтад орсон тэр үед иргэдийг бүртгэх юм.

ХЯМД, ЧАНАРТАЙ БАЙР ИРГЭДЭД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Одоогоор түрээсийн орон сууцанд 1500 гаруй өрх хамрагдаад байна. Цаашид иргэдийг нэмж байршуулах шаардлага байгаа тул нийслэлд 16 мянга, орон нутагт 4000 орон сууц нэмж барих алсын зорилт бий.  Өнөөдөр нийслэлд 380.8 мянган өрх амьдарч байгаагаас 164.7 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Бид түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Чулуунцэцэг: Түрээсийн орон сууцыг их дэмжиж байгаа. Олон жилийн дараа байраа өөрийн болгоно гэдэг их хэрэгтэй. Залуучууд ихэнх нь хувь хүмүүсийн түрээсийн байранд амьдарч байна. Хүүг нь багасгавал их зүгээр санагдсан. Хотод шаваад байдаг, зайдуу газар орон сууц баривал агаар нь их хэрэгтэй санагддаг.

Би гэр хороололд утааны голомтод амьдардаг. Бид нарыг хүмүүс гэр хорооллынхон агаар бохирдуулж байна гээд их шүүмжилдэг. Бид галаа түлэхгүй бол болохгүй шүү дээ. Аль болох хог, хаягдал түлэхгүйг л хичээнэ.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ө.Бат-Өлзий: Түрээсийн орон сууц бол их боломжийн хөтөлбөр. Сар сардаа түрээсээ төлөөд өөрийнхөө болгож авна гэдэг их давуу талтай. Хаа сайгүй царцсан барилга байхад эдгээр барилгуудаа хүүг нь буулгаад иргэддээ түрээслүүлж яагаад болохгүй гэж.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж