2019 оны нэгдүгээр сарын 25. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ирэх Баасан гаригаас эхлэн хэрэгжих агаад анх удаа Монголд ганц хүнд зориулсан хуулийг МАН үнэмлэхүй олонх байхдаа баталлаа. Илүү тодорхойгоор хэлбэл, М.Энхболдыг албан тушаалаас нь авч хаяхын тулд Ц.Нямдоржийн хэлдгээр МАН-ынхан чөтгөртэй ч нөхцөж чадаж байна.
М.ЭНХБОЛДЫН ЯВАХ ЭСЭХ ЭЦСИЙН ЦЭГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэн баталсан юм. Ингэснээр УИХ-ын олонхын саналаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой болж, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар М.Энхболдыг өрөөнөөс нь чирч гаргах шаардлагагүй болов.
МАН-д мандан бадарч, магтаал сайшаалд бялуурч явсан үе М.Энхболдод бий. Яг л өнөөдрийн У.Хүрэлсүх шиг түүнийг аялдан дагаж, улдан долоогчид нь “Тахиа донгодохоос өмнө гурвантаа урвана” чинээ санаагүй биз. Юутай ч тэрбээр сул гишүүн болох нь цаг хугацааны асуудал болов.
Гэхдээ Үндсэн хуулийн манаачид Үндсэн хуулиа манаж үлдсэн тохиолдолд тэр спикерийн алхтайгаа, эрх мэдэлтэйгээ үлдэж мэдэх юм. Товчхондоо, Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан хуулийн дагуу М.Энхболдыг чөлөөлөх эсэхэд эцсийн цэгийг Үндсэн хуулийн Цэц хатгана.
Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тав хоногийн хугацаанд хянаж, нягтлах ёстой. Хэрэв Үндсэн хуулийн манаачид Ерөнхийлөгчийн санаачилсан хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзвэл, Цэц хориг тавих магадлалтай. Учир нь дурын нэгэн хууль санаачлагч, өөрсдийнхөө таалалд нийцүүлээд хүний олноор “хуулиа барьж” идээд байвал Монголын төрийн дархлаа сульдана.
УИХ бол хууль тогтоох байгууллага. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох үүрэгтэй. М.Энхболдыг огцруулахын тулд У.Хүрэлсүхийн захиалсан, Х.Баттулгын өргөн барьж батлуулсан хууль дараа дараагийн УИХ-ын үйл ажиллагаанд хортой. “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэж суугаа “зандалчин” баагий нар жагсаад парламентын даргаа таалагдахгүй байна гэж огцруулаад байвал яах вэ. Ганц нам үнэмлэхүй олонх байхдаа ганц даргад зориулж “үйлдвэрлэсэн” энэ хууль олон намын төлөөлөлтэй парламентад яаж нөлөөлөхийг тооцож үзсэн үү. МАН үргэлж эрх мэдэлтэй, үргэлж үнэмлэхүй олонх байхгүй нь лав. Зуун хувь давхар дээлтэй, Засгийн газрын үнэмлэхүй эрх мэдэл хэт нэмэгдэж, үгүйдээ л парламент нь ЖДҮчидтэйгээ хариуцлага тооцох эрхгүй болно гэсэн үг. Хамгийн ойрын жишээгээр тайлбарлахад нэг ийм.
У.ХҮРЭЛСҮХИЙН ТОЛГОЙНЫ ӨВЧИН
Жаран тэрбумын хэргээр УИХ-ын даргад хариуцлага тооцохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу түүнийг огцруулах гарын үсгийг Л.Оюун-Эрдэнэ аль эртнээс зуруулаад эхэлсэн. Тиймээс хэрэвзээ Үндсэн хуулийн Цэц хориг тавиагүй тохиолдолд хуулийн дагуу олонхын хүсэлтээр М.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудал тав хоногийн дараагаас яригдаж эхлэх биз. Энэ тохиолдолд М.Энхболдын зовлон дуусч, У.Хүрэлсүхийн зовлон эхэлнэ. Учир нь УИХ-ын дарга болох их, бага амбицууд У.Хүрэлсүхийг улдан долоогчдын дунд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нараас эхлээд тоологдоно.
Юуны тулд тэд өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн эрх ашгийн төлөө “сэлэмнийх нь ир, жадны үзүүр” болтлоо сүгсэлзсэн билээ. Хүссэн албан тушаалыг нь өгөхгүй бол “тахиа донгодохоос өмнө” У.Хүрэлсүхээс гурвантаа урваж, хүзүүнд нь олс углаж мэдэх юм.
Учир нь урвагчдад үнэт зүйл, үзэл бодол гэж байдаггүй, зөвхөн хувийн эрх ашиг л гэж бий. Тиймээс У.Хүрэлсүхийн түмэн зовлон М.Энхболдыг огцорсон өдрөөс эхэлнэ. Өнөөдрийг хүртэл сүүдэр дор нь нуугдсан Ерөнхийлөгчтэйгөө олж авсан эрх мэдлээ хуваалцах эсэхээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлж, жилийн гурван хувийн хүүтэй авсан зээлээ 36 хувиар олгосон, зориулалтын бусаар ашигласан байж болох /прокурорын тайлбарласнаар/, бүр Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан кнопны өр төлбөр ч байх магадлалтай ЖДҮчидээ хамгаалж үлдэх хийгээд М.Энхболдын оронд хэнийг баярлуулж, хэнийг гомдоох вэ гэдэг нь түүний толгойны өвчин байх болно. Авахаас өгөх хэцүү. Ашиг сонирхол, амбиц болгонд "төлбөр төлөөгүй" цагт М.Энхболдыг "барьж идэгсэд" түүнийг ч бас "зулгааж иднэ".
Нэгэн цагт спикерийн “өсгөж”, өнөөдөр У.Хүрэлсүхийн өөрийнх нь “бойжуулж” яваа мангас томрохын хэрээр өөрөө ч нэгэн цагт залгиулж болох эрсдэл нь М.Энхболдын гашуун хувь тавилангаас харагдаж буй. Тэр тусмаа, Монголын улс төрийн түүхийг харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын "дайн" М.Энхболдыг огцорсон өдрөөс эхэлнэ.
Холбоотой мэдээ